Нүүр хуудас Mэдээлэл Фото, Видео мэдээлэл

“Сүү өргөх ёслол” боллоо

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шөнө тэнцсэн ертөнцийн гайхамшигт өдөр Чойбалсан хотын ээжүүд хамаг Монголын эх Өэлүн хатны хөшөөн дээрээ “Сүү өргөх ёслол”-ыг зохион байгууллаа. “Сүү өргөх ёслол”-д Хэрлэн сумын сумын удирдлагууд болон  108 ээжүүд оролцов. Сүү өргөх ёслолын ажиллагааг нээж Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр нээж үг хэлэхдээ “Өвлийн хүйтнийг өнтэй давж урин дулаантай золгох цагаар улсын эх болсон Өэлүн хатны хөшөөн дээр “Цагаан сүүний цацал өргөх” ёслолыг зохион байгуулж байгаа нь учир ерөөлтэй юм. Ертөнцийн эх булаг болсон эхчүүд эмэгтэйчүүд та бүхэн эх орныхоо хөгжил, эцэг өвгөдийн ачлал, үр хүүхдийнхээ сайн сайхныг бодон сэтгэлдээ байгаа нандин бүхнээ шивнэн уул, ус хангай дэлхийдээ залбирч цагаан сүүнийхээ цацлыг өргөөрэй.” гээд эмэгтэйчүүд бүхний өргөсөн цацлын тоогоор Дорнод нутаг хөгжин дэвжиж, ард түмэн элгээрээ энх тунх, төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөлөө. Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Сүү өргөх ёслол”-ыг уртын дуу, морин хуурын эгшгээр мялаалаа.