Нүүр хуудас #1 Oнцлох мэдээ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЦЭРЭНЧИМЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнчимэг 02 дугаар сарын 20-21 ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн газрын дарга Д.Должин Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнчимэгт аймгийн эрүүл мэндийн салбарын болоод байгууллагынхаа өнөөгийн байдал, ажлын онцлог, цаашдын төлөвлөлтийн талаар танилцууллаа. Үүний дараа Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнчимэг эрүүл мэндийн газрын  албан хаагчид болон энэ үеэр эрүүл мэндийн газарт сургалтанд оролцож байсан  БОЭТ, өрх, сумын эрүүл мэндийн төвийн төлөөллүүдтэй уулзаж, аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсов.Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд уулзалтын үеэр манай аймагт халдварт өвчин тэр дундаа бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн жилүүдэд улс аймгийн дундаж үзүүлэлтээс 2-3 дахин их байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. Түүнчлэн сүүлийн 2 жилд амьгүй төрөлт ихсэж байгаа бөгөөд эх нярайн тусламж үйлчилгээг сайжруулахад ургийн зүрхий цохилт хэмжигч аппарат (кардиотокографи) нэн тэргүүнд 3 ширхэг шаардлагтай байгаагаас гадна аймгийн нөхөн үржихүйн насны нийт хүмүүсийн тодорхой хувийг үзлэг шинжилгээнд хамруулахад хөрөнгө мөнгөний асуудал дутмаг байдаг талаар уламжиллаа.

Өсвөр насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл мөн их байдаг учраас ерөнхий боловсролын сургуулиудийг мэргэжлийн шүдний эмчтэй болгох асуудал чухал байна. Сүүлийн жилүүдэд хүн амын эрүүл бус зан үйлээс үүдэлтэй халдварт бус өвчлөл тэр дундаа хорт хавдар өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарал татсан асуудал болж байгааг хэллээ. Хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх ажлууд шат дараалалтай явагдаж байгаа хэдий ч эрүүл мэндээ хамгаалахад иргэний болоод хамт олны оролцоо төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь дээр дурдсан халдварт бус өвчлөлөөр өвдөх улмаар нас  баралтанд хүргэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа талаар дурдлаа. Манай аймгийн хүн амын дундаж наслалт 65,5 байгаа нь улсын дундажаас 2,8, аймгийн дундаж үзүүлэлтээс 4,6-аар бага байна. Манай аймагт биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалаар хичээллэж буй иргэдийн тоо сүүлийн 3 жилд төдийлэн нэмэгдэхгүй тогтмол 5-7%-тай байгаа нь хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалах зан үйл хангалтгүй, эмийн бус эмчилгээний чухлыг мэдрэхгүй байгаа, аймгийн хог хаягдал болоод гэр хорооллын бохирын асуудал тулгамдаад байна. Эрүүл хот, эрүүл сум, баг, сургууль, цэцэрлэг,  эрүүл ажлын байрны хөдөлгөөнд иргэд олон нийт, хамт олны оролцоо хангалтгүй байгаа зэргийг танилцууллаа.
Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэрэнчимэг эмч, мэргэжилтнүүдийн дээрх танилцуулсан асуудлуудад нэг бүрчлэн хариулт өгч, эрүүл мэндээ хамгаалахад иргэний болоод хамт олны оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, аймгийн төвийн бохирын асуудлыг цэгцлэхэд ариун цэврийн байгууламжийн ашиглагдахгүй нөөцлөгдөж байгаа хувийг ашиглалтад оруулах, эмчилгээ оношлогоонд шаардлагатай байгаа багаж, оношлуурын хөрөнгийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарын төлөөллүүд болоод эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийн талархалыг хүлээлээ.