Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх “Анир солонго” эмнэлэг нээлтээ хийлээ

1 сар
Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх “Анир солонго” эмнэлэг нээлтээ хийлээ

Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх үзлэг, оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх хувийн эмнэлэг өнөөдөр үүдээ нээлээ. 2019 онд Эрүүл мэндийн яамнаас үндэсний хэмжээнд “Тэмбүүг устгая” аян өрнүүлсэн харин Дорнод аймаг 2013 оноос эхлэн хүн амд бэлгийн замаар дамжих халдварын талаар эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөл, тархалтыг эрчимтэй бууруулах зорилготойгоор “Бэлгийн замаар дамжих халдварын эрт илрүүлэг үзлэг”, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажилласаар ирсэн. Иргэд улсын эмнэлэгт олон хүний газар эмчилгээ үйлчилгээ авахаас санаа зовдог байдал байдаг бол “Анир солонго” эмнэлгээс дээрх үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлог гэж хэлж байлаа. Орон нутгийн удирдлага болон аймгийн Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр тус эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа болон холбогдох хүмүүс оролцож цаашид, орон нутгийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж байв. Иргэд тус эмнэлгээр үйлчлүүлэхдээ 8940-1040 утсаар холбогдон цаг авч үйлчлүүлэх болон “Анир Солонго” фэйсбүүк хуудсанд хандан зөвлөгөө мэдээлэл авах боломжтой бөгөөд таны хувийн нууцыг чандлан хадгалана.

Бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хүний дархлал хомсдолын вирус гэсэн үндсэн 4 өвчлөл бүртгэгдэж байгаа бөгөөд иргэд шинжилгээ, үйлчилгээнд хамрагдалт муу байдаг учраас цаашид урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд ороход түлхүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм.