Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ны хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх ажил эхэллээ

2 долоо хоног
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ны хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцов. 

Зүүн бүс нутагт  барилгажилт, уул уурхай, газар тариалангийн томоохон хэрэглэгчид нэмэгдснээр “ДБЭХС” ТӨХК-ийн дулааны цахилгаан станцын ачаалал нэмэгдсэн, суурьлагдсан хүчин чадал нь 36МВТ ба ѳвлийн их ачааллын үед бэлтгэл тоноглол байхгүйгээр бүх хүчин чадлаараа ажилж тогтмол 37-38МВТ авдаг байна.

1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрээд байлаа.

Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ийнхүү эхэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Станцыг 18 сарын хугацаанд багтан өргөтгөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх юм.

Алтан гадас одонт “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, суурин газрын 25 мянга орчим өрх, 3,100 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 800 гаруй аж ахуйн нэгж, 6,000 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр хангаж байна