Дорнод аймгийн тухай

Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124000 км2  газар нутагтай бөгөөд хэмжээгээрээ аймгуудаас эхний 3-т ордог. Дорнод аймгийн хүн ам одоогийн байдлаар 86.1 хүн амтай. Халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястангууд оршин суудаг. Засаг захиргааны нэгжийн хувьд 14 сум 67 багтай. Нийт хүн амын 55 хувь нь Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавьяаны одонт аймгийн төв Чойбалсан хотод амьдардаг. Хүний хөгжлийн индексээр аймгуудаас хамгийн сүүлийн байранд байсан бол сүүлийн жилүүдэд эхний байруудад эрэмбэлэгдэж байгаа. Дорнод аймаг нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ аймгуудаас 3-р байранд байна.

Зүүн  Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Иргэний шилжилт хөдөлгөөний Зүүн бүс дэх газар, Зүүн бүсийн тахарын 1-р тойрог зэрэг төсөвт байгууллагууд , Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит Хувьцаат Компани Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг, Чойбалсан Олон улсын нисэх буудал зэрэг бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд байдаг.

Дорнод аймаг нь  ОХУ-н Өвөрбайгалийн хязгаар,  БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Хилийн зургаан боомттойгоос  ОХУ-тай авто замын 2, төмөр замын нэг, БНХАУ-тай авто замын 3, агаарын 1 боомтоор  харилцдаг бөгөөд Монгол улсын Зүүн хойд Азийн орнуудтай  холбодох хамгийн ойрын  гарц юм.

Төрийн болон хувийн хэвшлийн Хүүхдийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиуд  үйл ажиллагаа явуулахаас гадна  Зүүн бүсийн хэмжээнд дээд боловсрол олгох, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх Дорнод их сургууль,  Дорнод Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төв ажиллаж байна.

Монгол улсын Улсын их хурлаас  баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар зүүн бүсийг аялал жуулчлалын  салбараар хөгжүүлэхээр тодорхойлсон. Дорнод аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүхий түүхийн  дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудтай  .Тухайлбал Халхголын бүс нутаг,  Буйр нуур, Их бурхант, Мэнэнгийн тал, Цагаан зээр, Хэрлэн бар хотын туурь, Өүлэн эхийн өлгий нутаг гадаад дотоодын жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг.

Хөдөө аж ахуй: 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 2377.8 мянган толгой мал тоологдсон ба үүнээс тэмээ 6.1 мянга, адуу 278.8 мянга, үхэр 243.1 мянга, хонь 1147.7 мянга, ямаа 702.1 мянга тус тус тоологдов. Нийт малын тоо өмнөх оноос 319975 толгойгоор өссөн ба 5 төрлөөр нь авч үзвэл өмнөх оноос Тэмээ 484, Адуу 28093, Үхэр 35279, Хонь 146118, Ямаа 110001 толгойгоор тус тус өссөн байна.

Эрдэс баялаг

Дорнод аймгийн газар нутагт газрын тос, холимог металын орд, Хөөт,   Адуунчулуун  зэрэг  нүүрсний томоохон орд газруудтай.  Дорнод аймгаас жилд 1,0 сая тонн орчим газрын тос олборлож Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт  200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг боловч орон нутгийн төсөвт тусгайлан нэмж хуваарилагдаггүй. Улааны холимог металлын орд нь 500 хүний ажлын байр гаргах боломжтой ба жилдээ 900,000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай.

Эрчим хүч

ДБЭХС ТӨХК нь 36 мегабайтын хүчин чадалтай. Газрын тос, уул уурхайн аж ахуй нэгж болон Дорнод аймаг, зүүн бүсийн аймгуудын зарим сумдыг эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Автозам

Мянганы замын хэвтээ тэнхлэгийн автозам 2016 онд баригдаж дууссанаар Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Чойбалсан хот нийслэлтэй хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдсон. Түүнчлэн хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдэж дууссан. Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбосноор Монгол улс Зүүн хойд Азитай холбогдож гадаад харилцаа, нийгэм-эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх боломж бүрдэх бөгөөд нилээд сумд хатуу хучилттай автозамаар холбогдох юм.

Төмөрзам

Эрээнцав боомтоос  Чойбалсан хот хүртэлх 239 км төмөрзамыг УБТЗ-ын Баянтүмэн тасаг хариуцан ажиллаж байна. Төрөөс төмөрзамын талаар баримтлах бодлогод Чойбалсан-Хөөт-Сүмбэр-Рашаантын боомт хүртэлх нийт 500 гаруй км төмөр зам барихаар тусгагдсан.

Агаарын зам

Улаанбаатар-Чойбалсан-Хайлаарын чиглэлд тогтмол нислэг хийгдэж байгаа бөгөөд цаашид Чойбалсан-Рашаантын чиглэлд агаарын зам нээх туршилтын нислэг хийгдсэн. Мөн ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарт агаарын зам нээх ажил судлагдаж байна.Цаашид Халхголын бүс нутагт нисэх онгоцны буудал байгуулах ажил хийгдэж байна.