Аймгийн Онцгой комисс /2021.05.04/ 11:40 цагийн мэдээлэл:

3 жил
Аймгийн Онцгой комисс /2021.05.04/ 11:40 цагийн мэдээлэл:
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж, иргэдээс ирүүлсэн нийтлэг асуултуудад хариулт өглөө.
✅СҮҮЛИЙН 24 ЦАГИЙН БАЙДЛААР:
Тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомтот бүс нутгаас 30 иргэн ирсэн. Тусгаарлан ажиглах байранд 156 иргэн, гэрийн тусгаарлан ажиглалтад 263 иргэн байна. 168 PCR шинжилгээ хийгдсэн.
✅ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН СУМДААР НЬ ХАРВАЛ: Нийт: 46
- Хэрлэн суманд: 14
- Хөлөнбуйр суманд: 3
- Цагаан-Овоо суманд: 15+2
-Дашбалбар суманд: 5
- Зөөвөрлөгдсөн: 7
-Эдгэрсэн: 21
-Шилжсэн: 1
✅ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЗҮЙН МЭДЭЭЛЭЛ:
Хөнгөн -22
Хүндэвтэр -2
✅ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТАЛ:
- Ойрын хавьтлын 155 иргэн, дам хавьтлын 263 иргэн байна. Хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.
✅АСУУЛТ, ХАРИУЛТ:
1. ВАКЦИНЫГ СУМД РУУ ХЭРХЭН ТЭЭВЭРЛЭЖ, ХҮРГЭХ ВЭ?
Өнөөдөр гэхэд 12000 хүн тун вакциныг хүлээж авсан. Одоо сумд руу тээвэрлэх ажил явагдаж байна. Сумд руу хуваарилсан вакциныг зөөврийн хөргүүрт тээвэрлэн, очоод мөн хөргүүрт хадгалах юм. Тиймээс сумд руу нөхцөл боломжийнх нь дээд хязгаараар зөөвөрлөн хүргэнэ. Маргааш 50-аас дээш насны иргэдэд хийгдэх дархлаажуулалт 08:00 цагаас аймгийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлнэ.
2. АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЗҮГЭЭС ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТАЛААР ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
Аймгийн Онцгой комиссоос 06 дугаар сарын 10-наас 20 гэхэд нийт иргэдээ 2 дугаар тунд нь хамруулахаар зорин ажиллаж байна. Тиймээс та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна.
3. ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТТАЙН УЛМААС ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААГҮЙ ИРГЭД ХОТ ХООРОНД ЗОРЧИХОД ХҮНДРЭЛ ҮҮСЭХ ҮҮ?
Вакцинд хамрагдсан гээд бүх зүйл нээлттэй болно гэсэн үг биш. Вакцины эсрэг заалттайгаас вакцин хийлгэж чадаагүй гээд эрх нь хязгаарлагдана гэсэн үг бишээ. Хамгийн гол нь энэ цар тахлын үед Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг л мөрдөх учиртай.
4. УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ДОРНОД АЙМАГТ ВАКЦИНД ХАМРАГДАЖ БОЛОХ УУ?
Бид вакцин хийлгэхийн төлөө тухайн иргэнийг эрсдэлд оруулж Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн хийлгэхийг хүсэхгүй байна. Тиймээс байгаа газартаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой.
5. ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН ХИЧНЭЭН ИРГЭН БАЙНА ВЭ? ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГАА ЮУ?
Хөдөлгөөний дэглэм зөрчиж маршрутын бус замаар нэвтэрсэн 20 гаруй зөрчлийг илрүүлж, албадан тусгаарлан, хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцон ажиллаж байна. Энэхүү асуудалд сумдын Онцгой комисс хариуцлагатай ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй. Мөн гэрийн тусгаарлан ажиглалтын дэглэм зөрчсөн 20 гаруй удаагийн тохиолдлыг Цагдаагийн газраас хариуцлага тооцон ажиллаж байна.
6. МАХ БОЛОН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ХАРЬЦАНГҮЙ НЭМЭГДЭЖ БАЙНА. ҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ГАЗАР БАЙХГҮЙ ГЭЖ ОЙЛГОХ УУ?
1 дүгээрт: Чойбалсан хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хямд үнээр мах нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын тогтоол гаргаж, Дорнод аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу хүнсний зориулалтаар амьд мал, мах тээвэрлэхийг түр хугацаанд зогсоох шийдвэр гарсан.
2 дугаарт: Үнийг тогтвортой барих зорилгоор "Талын таван өндөр трейд" ХХК, "Хөвчийн талын баялаг" ХХК, ХААН ХҮНС ХХК-ын Дорнод салбар, "Вайт групп" ХХК, "Чойбалсан групп" ХХК-нуудтай зөвшилцөж, малчдаас авсан бөөний үнэ дээр зөвхөн сав баглаа боодлын зардлыг тооцож, нойтон шинэ махыг зах зээлийн ханшнаас 1000-2000 төгрөгөөр бууруулж, бөөний үнээр худалдаалж эхлээд байна. Цаашид ч үнэ буурах боломжтой. Шинэ хонины махыг гэр хорооллын болон орон сууцны дэлгүүрүүдээр буюу 15 байршилд худалдаалж эхэлсэн. Ирэх оноос нөөцийн махыг бэлтгэхээр төлөвлөж байна.
3 дугаарт: ААН-үүд энэ цар тахлын үед ард иргэддээ тусалж, өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмэхгүй байхыг уриалж байгаа. Засгийн газраас цахилгаан, дулаан, хог зайлуулах, усны үнийг тэглэсэн байгаа нь үнэ нэмэхгүй байх бодит хүчин зүйл. Бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүсэлт өгсөн. Дорнод аймагт орон тооны ажилтанг томилохоор болсон. Ингэснээр албан ёсны хяналт шалгалт хийх эрх бүхий байцаагчтай болж, зохиомлоор үнэ нэмсэн асуудалд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана.
7. ХҮНСНИЙ ТОМООХОН ДЭЛГҮҮРҮҮД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТЛАХГҮЙ БАЙНА?
Аж ахуй нэгж байгууллага, үйлчилгээний байгууллагуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг аймгийн Онцгой комиссоос 2021 оны 1 дүгээр сард гаргаж мөрдүүлж эхэлсэн. Халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байгаа зарим аж ахуйн нэгжүүд ухамсраараа бүрэн мөрдөж ажиллахгүй бол олон нийтэд зарлаж, тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж хэлье. Энэ бол нийт иргэдийн эрх ашгийн төлөө, нөгөө талаасаа иргэдээс тавьж буй зөв шаардлага.
8. УУЛ УУРХАЙН АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖ ХЭЗЭЭ СОЛИГДОХ ВЭ?
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон 3 уул уурхайн аж ахуй нэгж байна.
-Одоогоор Степ голд ХХК ээлж солих ажилтан, ажиллагсдаа аймгийн төвд тусгаарлах байранд тусгаарлан, давтан шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд, ажлын байрандаа очин, дахин 7 хоног тусгаарлан ажилд нь оруулах зарчмаар ажиллаж байна.
- Шинь шинь ХХК нь ээлж солих 230 ажилтнаа аймгийн төвд тусгаарлах байранд тусгаарлан, давтан шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд, ажлын байрандаа очин, дахин 7 хоног тусгаарлан ажилд нь оруулах зарчмаар ажиллахаар болсон.
- Харин Петрочайна Дачин тамсаг ХХК-д аймгийн Онцгой комиссын зүгээс дараах 2 шаардлагыг тавьсан.
1. Цар тахлын улмаас ажлын байранд хугацаа сунган ажиллаж байгаа ажилтан, ажиллагсдын амрах 14 хоногт ажилласан цалинг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1д заасны дагуу цалин 1.5 дахин нэмэгдүүлэн олгох
2. Мөн Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтан ажиллагсдаа цаг хугацаанд нь амраах.
Харин бидэнд ирсэн хариу бичигт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж байна гэсэн боловч тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хороондоо өөр утгатай албан бичиг ирүүлсэн байсан. Бид энэхүү асуудлыг өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэнэ.
9. ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ УУ?
2021 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдахгүй байхаар болсон. Харин халагдаж ирэх цэргүүдийг хэрхэн хүлээж авах, тусгаарлах зэрэг асуудлыг өнөөдрийн 14:00 цагийн Аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэнэ.
10. 05 ДУГААР САРЫН 8-НД ХОТ ХООРОНД БОЛОН СУМ ХОРООНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН НЭЭГДЭХ ҮҮ?
Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос гарах шийдвэрийг харж байна. Аймгийн Онцгой комиссоос цаашид баримтлах зарчим бол сум хоорондын хөдөлгөөнийг хэсэг хугацаанд нээхгүй. Яагаад гэвэл 1 дүгээр тунгаа тариулаад, халдвар авсан иргэд их байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Тиймээс 2 дугаар тунг тариулаад, бүрэн дархлаа тогттол хөдөлгөөнийг нээхгүй гэсэн төлөвлөгөөтэй байна. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зөвшөөрөгдсөн ачаа тээврийг хяналттайгаар зөвшөөрнө.