Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

  • ЭРХЭМ ЗОРИЛГО

    Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, нээлттэй хүргэж аймгийнхаа эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг оновчтой бодлого зохицуулалтын хангахад оршино.

  • ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

    Аймгийн эдийн засгийн өсөлтийн голлох салбараар уул уурхай, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр хослон хөгжиж байгаа бөгөөд  аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлээр:

    1. Хүнс, хөдөө аж ахуй
    2. Аялал жуулчлал, үйлчилгээ
    3. Эрдэс баялгийн салбарыг тодорхойлон урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулан ажиллаж байна.
  •  

    Үйл ажиллагааны зорилт

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого, аймгийн болон Тамгын газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, аймгийн Засаг даргын даргын эрхлэх ажлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

     

     

    ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ЗОРИЛТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ҮНДСЭН ЗАРЧМУУД

    Иргэдэд сайн сайхан аж төрөх боломжийг тэгш олгож, эдийн засаг, нийгмээ хөгжүүлж, хүрээлэн байгаа орчны тэнцвэртэй байдлыг хадгалсан тогтвортой, хүртээмжтэй хөгжил нь Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилтын гол үзэл баримтлал бөгөөд хэтийн зорилтыг тодорхойлохдоо ард иргэдийн нийтлэг эрх ашиг, сайн сайхан байдлыг хангахыг гол зарчим болгосон. Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилтын үзэл баримтлалыг тодорхойлох, хөгжлийн зорилт, бодлогын чиглэл, тэдгээрийн үндэслэлийг боловсруулахдаа шинжлэх ухаанысудалгааны арга зүйд тулгуурлах дэлхийн нийтлэг зарчмыг баримталсан болно.

    Хөгжлийн хэтийн зорилтыг боловсруулахад дараах хандлагуудыг баримтлав. Үүнд:

    Нэгдүгээрт, энэхүү хэтийн зорилт нь аймгийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох учир өмнөх хөгжлийн бодлогын хэрэгжүүлсэн туршлага сургамжийг харгалзахын зэрэгцээ хөгжлийн бодлого боловсруулах олон улсын хандлагыг харьцуулан үзэж, аргазүйн хувьд ахисан байхад анхаарав.

    Хоёрдугаарт, бодлогын баримт бичгийг боловсруулах үйл явц нь бүхэлдээ судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлах буюу өмнөх туршлага, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлагыг судалж тодорхойлон дотоод болон гадаад орчин нөхцөл, дотоод боломж, нөөц, эдийн засгийн чадамжид нийцүүлэн боловсруулахыг эрхэмлэв.

    Гуравдугаарт, орон нутгийн хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөөх иргэд, төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчид, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын санаа бодол, хүсэл эрмэлзлийг тусгахыг чухалчлав.

    Хэтийн зорилтын үзэл баримтлал

    Уг хэтийн зорилт нь 2025 он хүртэлх хугацаанд Дорнод аймгийн хөгжлийн зорилт, бодлогын чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлон, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн урьдач нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.

    Хэтийн зорилт нь Дорнод аймгийн хүн амын амьдралын чанарыг дээшлүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, олон тулгуурт эдийн засагт суурилсан тогтвортой хөгжлийг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалж, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах ерөнхий зорилгыг агуулахын зэрэгцээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засаг, хүн төвт нийгмийн хөгжлийн үзэл баримтлалд суурилсан. Дорнод аймгийн хөгжлийн хэтийн зорилт нь орон нутгийн засаглал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчин, хот байгуулалтын асуудлын уялдаа, шүтэлцээг харгалзан авч үзсэн болно.

    Хүн төвтэй нийгмийн хөгжлийн үзэл баримтлал

    Иргэдийн ажиллаж амьдрах, сурч боловсроход таатай эрүүл орчинг бүрдүүлэх, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, бүтээлч чадамж, санаачлагыг дэмжих, тогтвортой орлого, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг сайжруулах, ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн.

    Олон тулгуурт, тогтвортой эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлал

    Эдийн засгийг төрөлжүүлэн шинэ, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортоор үндэсний болон хил залгаа орнуудын зах зээлд байр сууриа эзлэх, импортоос хараат байдлаа бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, салбаруудын уялдааг сайжруулан дотоод үр ашгийг дээшлүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой байдлын суурийг бэхжүүлж, аймгийн ДНБ-ийг нэмэгдүүлэхэд чиглэсэн.

    Эрүүл, аюулгүй амьдрах орчин бүхий экологи, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

    Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны хяналт шинжилгээ, мэдээлэл, ил тод байдлын иж бүрэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тогтвортой байдалтай уялдуулах, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, санаачлагыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

    Хотын хөгжлийн үзэл баримтлал

    Зүүн бүсийн тулгуур төвийн хувьд Чойбалсан хотыг хүний амьдрах тав тухтай орчныг бүрдүүлсэн, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө багатай, бүсийн нийгэм, соёл, эдийн засаг, санхүүгийн төв байх ухаалаг, жишиг хот, мэдлэг-оюуны төв болгон хөгжүүлэх үзэл баримтлалд тулгуурлана.

    Хэтийн зорилтын үндсэн зорилго, баримтлах зарчмууд

    Хэтийн зорилтын үндсэн зорилго нь үндэсний болон салбарын хөгжлийн баримт бичигт үндэслэж, аймгийн хөгжлийн чадамж, нөөц, боломж, дотоод, гадаад орчны нөхцөл, иргэд, бизнес эрхлэгчид, төр, олон нийтийн байгууллагуудын нийтлэг хүсэл тэмүүлэл, санал санаачилгад тулгуурлах ба үүнд хүрэхэд чиглэсэн дараах зорилтуудтай байна. Үүнд:

    • Хүний хөгжлийг хангаж, бүтээх чадварыг нэмэгдүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх,
    • Орон нутгийн нөөц боломж, бүс нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах,
    • Мэдлэг оюун, өв соёлын баялаг хуримтлал бүрдүүлэн, технологи, инновацийн хүчтэй чадамжийг бий болгож, шинэ техник, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх,
    • Хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө, байгалийн баялгийн нөөцийг үр өгөөжтэйгээр ашиглах, хүрээлэн байгаа амьдрах орчноо эрүүл байдлаар нь хадгалах,
    • Бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд төр, захиргааны байгууллагуудын үүрэг,
    • хариуцлагыг дээшлүүлж, хил залгаа орнуудтай харилцан үр ашигтайгаар хамтран
    • ажиллах юм.

    Хэтийн зорилтыг боловсруулахад дараах зарчмуудыг баримтлав. Үүнд:

    • Улс орны болон аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын чиглэлийг үндэс болгох,
    • Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх,
    • Эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны бодлогын харилцан уялдааг хангах,
    • Эдийн засгийн үр ашиг, үр өгөөжид үндэслэх,
    • Үр ашигтай дэд бүтцийг байгуулах,
    • Үйлдвэрлэлийн технологийн хөгжил, боловсруулалтын түвшинг харгалзах,
    • Оролцогч талуудын хамтын ажиллагаа, харилцан ашигтай түншлэлд тулгуурлах,
    • Удирдлагын манлайлал, оролцогч талуудын хяналт оролцоог хангах зэрэг болно.