Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулж агентлаг хэлтсийн удирдлагууд болон ажилтнууд, гэр бүл, найз нөхдийн төлөөлөл өнөөдөр Монгол дайчдын хөшөөний өмнө шинэхэн гавьяат болох "Ялалт" музейн захирал, Монгол улсын соёлын гавьяат Л.Мягмарсүрэнд хүндэтгэл үзүүлэн угтаж авлаа.
МУСГЗ Л.Мягмарсүрэн: Би дайны гал дүрэлзсэн, дарийн утаа суунагласан тэр Халхголд л төрж, өсөн, ажиллаж амьдарч байна. Монголын төрд 46 жил хөдөлмөрлөж 9 жилд нь малын эмч аж ахуйн байгууллагад ажилласан. Бусад он жилүүдэд нам, олон нийт, соёлын байгууллагад ажилласаар ирсэн. То Ван судлал, Халхголын дайны түүх судлалд 34 жил өөрийн авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан. Энэ жил Монгол улсын ерөнхийлөгчийн 155 дугаар зарлиг гарч маш их бэлэгшээлтэй буюу 2019-09-09 гэсэн өдөр Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энгэр дээр минь хатгаж өгч “За өвгөн минь түүх судлал хойч залуу үеэ цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, Монгол омогшил, Монгол бахархлыг Монголчуудад төлөвшүүлэхэд өшөө их хувь нэмрээ оруулаарай” гэж хэлсэн. Түүнийг би Монголын төрөөс надад итгэл хүлээлгэсэн тусгай захиа даалгавар гэж ойлгож байна. Гавьяат цол авна гэдэг нь маш нэр төрийн хэрэг боловч маш их хүмүүсийн итгэл, сэтгэл, хүлээлт, захиас даалгавар үлдэж байгаа.
Өнөөдөр би өөрийн Дорнод аймагтаа хуучцуулын хэлдгээр “Хүн малын зоо тэнийсэн” энэ сайхан өдөр хүндэтгэлтэй хөшөө дурсгалынхаа өмнө олон хүмүүсийн төлөөлөл хүрэлцэн ирж намайг угтаж авсан нь надад сайхан сэтгэгдэл төрүүлэх төдийгүй өшөө их хөдөлмөрлөж, зүтгээрэй гэж, төрийн албанд ажиллаж байх хугацаандаа ч биш ажиллахгүй ч гэлээ энэ ажлаа л үргэлжлүүлж хийгээрэй гэсэн захиа даалгавар гэж ойлгож байна.