Эмгэнэл

1 жил
Эмгэнэл

                                            

                      ЦАГААНГУУД ОВОГТ НАМЖИЛСҮРЭНГИЙН  ХҮРЭЛБААТАР

                                                  (1961-2023)

 

Нэгэн Эрхэм хүмүүн хайртай дотно бүхнээ орхин, од харвах адил Тэнгэрийн оронд одлоо. Залуусыг түүчээлж, сурах хөгжих суурийг нь тавихад бие сэтгэлээ зориулсан түүний  агуу  дэм тус, ачлалыг эгнэгт дурсаж  бас эмгэнэн гашуудаж байна.

Аймгийн төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Аймгийн ИТХ-ын дарга асан, Төр захиргааны тэргүүний ажилтан Цагаангууд овогт Намжилсүрэнгийн Хүрэлбаатар нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрээр 1961 оны 02 дугаар сарын 8-нд Дорнод аймгийн  Баяндун сумын  Хайрхан уулын зүүн урд дор Нүдэн нуурын эрэгт төрж бага, дунд сургуулийг нутагтаа дүүргэн улмаар Дүрслэх урлагийн сургууль, Ленинградын  Дорно дахины Үйлдвэрчний Соёлын дээд сургууль, Улаанбаатар хотын Удирдлагын академийг төгсөж, Чимэглэл урлаач-Соёлын ажилтан-Удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн юм.  

Ажил хөдөлмөрийн гараагаа  Монголын Урчуудын эвлэлийн хороо, Гар урлалын үйлдвэрээс эхэлж амьдралаа төрийн захиргаа, соёл, мэргэжлийн боловсролд зориулсан онцгой хүндтэй нэгэн билээ.

Тэрээр 1992-2008 онд Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын газарт Соёл залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн-дэс түшмэл ,  Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, 2008-2012 онд Аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2012-2016 онд Зөвлөх, Гадаад харилцааны албаны дарга, 2016-2022 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар  тус тус ажиллаж байгаад гавьяаны амралтаа эдэлж байв.

 

Түүний хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэл, байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ОХУ-ын Буриад улсын соёлын гавьяат ажилтан, Өвөр Байгалийн Хязгаарын Агийн Үндэсний тойргийн төрийн захиргааны гавьяат ажилтан, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Улс түмний найрамдлын одон,  АХ-ын 80,90,100 жилийн ойн  медаль, соёл, боловсрол, хөдөлмөрийн салбарын болон аймаг, хотын тэргүүний ажилтан, цол тэмдгээр тус тус шагнажээ.  Мөн аймгийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр удаа дараа сонгогдож ард олны итгэлийг хүлээн нутаг орныхоо төлөө оюун болоод бие сэтгэлээ зориулан ажилласаар ирсэн.

Ажил амьдралдаа туйлын нягт нямбай ханддаг, удирдан зохион байгуулах, тэргүүлэн манлайлах, зааж зөвлөх арга барил сайтай, амьдралын үнэтэй сургамж хэлдэг, нэр хүндтэй,  даруу төлөв, уужуу тайван, зарчимч, өөдрөг сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй эрхэм хүмүүн байсан. Ямагт аймаг орон нутаг, зон олныхоо төлөө хэмээн ярьж, хийж бүтээж, хаа ч явсан ”Элчин сайд” мэт ажилладаг нутаг амьтай нэгэн байлаа. Хөрш  муж, аймгийн шууд харилцааг хөгжүүлэхэд түүчээ болж, амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл хил хязгаарын аялал жуулчлалд сэтгэл зүтгэл гарган хичээн хөдөлмөрлөж байв.

Өрх гэр, ураг төрлийн өмөг түшиг, хүний сайн хань, үр хүүхдүүдийн хүндтэй аав, зээ хүү, охины хайртай өвөө, анд нөхдийн дотно зөвлөгч, олон түмэндээ үнэлэгдэн хайрлагдсан манлайлагч, чиглүүлэгч, удирдагч  хүн байлаа.  

Бидний хүндэтгэлийг хүлээсэн түүний гэгээн дүр, ажилч хичээнгүй хөдөлмөрч, цэгц шулуун шударга, тусархаг зан чанар, нөхөрсөг сургаал, эелдэг дулаан үг яриа нь Дорнод нутгийн зон олон, хамтран ажиллаж байсан үе үеийнхэн бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж, үеийн үед  бахархан дурсагдсаар  байх болно.

ТАЛИЙГЧИЙН  ХАНЬ,  ҮР ХҮҮХЭД,  ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, ХАМТ ОЛОН, НАЙЗ НӨХДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

 

         ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, АЖЛЫН АЛБА,  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,  БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,  НУТГИЙН ЗӨВЛӨЛ