Долоо хоног бүр удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Энэ долоо хоногийн хуралдаанд "Эрүү хэв журмын 14 хоногийн нөхцөл байдал", "Орон нутгийн өмчийн тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг хөх өнгийн дэвсгэрт шилжүүлэх ажил"-ын талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Орон нутгийн өмчийн газраас тус тус танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
1. Байгууллагын гадна орчны цэвэрлэгээг өөрийн эзэмшлийн хашаанаас гадагш 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх ажлыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулахыг нийт байгууллагын дарга нарт, үүнтэй холбогдуулан зөвлөмж өгөх, үзлэг шалгалт хийх, шаардлагатай бол акт тавих хүртэл арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад , дээрх ажилд хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад,
2. Хэрлэн сумын Засаг даргаас гаргасан захирамжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах, хаврын төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахыг Хэрлэн сумын Засаг даргад,
3. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын суурь өнгийг хуулийн дагуу өөрчлөх ажлыг шуурхай зохион байгуулж дуусгахыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад, сумдад чиглэл хүргүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргад,
4. Барилгын салбарын бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга байгууламжийн ажлын аюулгүй байдал, хайс, хашлага, хашаа татуулах, барилгын ажлын талбай болон орчны аюулгүй байдлыг хангуулах, учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын арга хэмжээ улсын хэмжээнд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулагдахтай холбогдуулан дээрх хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, шаардлагатай бол журам батлуулж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад,
5. Хүнд тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудын автомашины аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажил болон “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2020” стандартыг мөрдүүлэх үзлэг шалгалтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг аймгийн Автотээврийн төв ТӨҮГ-ын Дорнод салбар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Цагдаагийн газрын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.