Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж "Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Халхгол суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулсан.
Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар уурын зуух барьж байна.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус суманд ажиллах үеэрээ Монгол Улсын баатар Л. Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Халх гол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.