М.Бадамсүрэн: Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 20.0 сая төгрөг батална

5 жил
М.Бадамсүрэн: Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 20.0 сая төгрөг батална

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Арга хэмжээг нээж, аймгийн Засаг дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих салбар зөвлөлийн дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль 2005 онд анхлан батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг дан ганц Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцах биш салбар дундын уялдаа холбоог сайжруулж, бие даасан бүтцийг бий болгосон бол 2016 онд шинэчлэн батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д эрүүл мэнд, боловсрол, нөхөн сэргээх сэргээн засалтын үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэх тусгайлсан ажлын байр бий болгох зэрэг асуудлыг тодорхой тусгасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийг 2018 онд байгуулсан.
2019 онд 778 аж ахуй нэгж байгууллагын 1651 ажлын байрны захиалгыг хүлээн авч, ажил хайж буй 2172 иргэнд санал болгож, 1571 иргэнийг ажилд зуучилсан. Үүнээс байнгын ажлын шинэ байранд 56 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зуучилсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 120 иргэнийг хамруулж 67,7 сая төгрөгийг зарцуулж, 89 иргэнийг түр ажлын байраар, 21 иргэнийг байнгын ажлын байраар хангасан. Аймгийн ИТХ-аас жил бүр аймгийн төсөвт ХБИ-ийн хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 10,0 сая төгрөгийг баталж байгаа бөгөөд ирэх онд 2 дахин нэмэгдүүлж 20,0 сая төгрөг болгохоо Та бүхэндээ мэдэгдэж байна. Энэ оны сүүлч ирэх 2020 оны эхэн гэхэд Зүүн бүсийн хөгжлийн тулгуур Чойбалсан хотод Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилга, дэмжлэгтэйгээр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн ордон баригдаж ашиглалтад орж байгааг Та бүхэндээ дуулгахдаа таатай байна. Энэхүү ордон нь Та бүхэндээ үзүүлэх төрийн үйлчилгээ нэг цэгт төвлөрсөн, хамтдаа хөгжих, урлаг, спортоор хичээллэх боломжийг олгосон эмчилгээний өрөө тасалгаа, хурлын танхим, спорт заал бүхий байгууламж юм.” гэдгийг онцолсон юм.

Өдөрлөгийн арга хэмжээ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болж, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Татварын хэлтэс, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон ажил олгогч байгууллагуудын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг үзүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрсдийн хийж, бүтээсэн зүйлээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Мөн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан дараах иргэдийг аймаг, хотын шагналаар шагнаж урамшуулав.