НИЙГМИЙН ЦОГЦ ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД 10900 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ

2 сар
НИЙГМИЙН ЦОГЦ ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД 10900 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ
 
Аймгийн Засаг даргын 2024 оны А/16 дугаар захирамжийн хүрээнд орон нутгийн төсвийн 110.9 сая төгрөгийн дэмжлэгтэй “Нийгмийн цогц явуулын үйлчилгээ”-ээр эрүүл мэндийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд энэ оны байдлаар алслагдсан нутгийн иргэдийн 20 хувь буюу нийт 10900 иргэнийг хамруулж, эмнэлгийн болон нийгмийн салбарын тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэлээ.
Тодруулбал дээрх иргэдийн 964 нь дотор, 309 нь эмэгтэйчүүд, 1273 нь хэт авиан оношилгоо, 421нь хүүхэд, 1130нь нүд, 890 нь шүд, 93 нь чих, хамар хоолой, 829 нь уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол, хөдөлмөр, халамжийн үйлчилгээнд 377, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудлаар 207, хүүхэд хамгаалалын чиглэлээр 645, сэтгэл зүйчийн үйлчилгээнд 97, мал эмнэлгийн чиглэлээр 354, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр 524, улсын бүртгэлийн асуудлаар 789 иргэн төрийн үйлчилгээг хүртсэн үзүүлэлттэй байна.
Жил бүр энэхүү үйлчилгээг үзүүлснээр иргэд өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, шинэ өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, дараагийн шатлалд яаралтай шилжүүлэх, сум, орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн бусад үйлчилгээг цогцоор нь хүртэж байгаа нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй үр дүнтэй үйл ажиллагаа болж байгаа юм.