БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2 долоо хоног
БҮСИЙН ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Манай аймагт Улсын төсвийн 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ эмнэлгийн байр ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон БОЭТ-д үе үед ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл оролцсон юм.
Эмнэлгийн шинэ барилга 7000мкв талбай бүхий, 4 давхар 2 блокоос бүрдэж, амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй ба барилгын ажлыг “Ихбазар констракшн” ХХК-ийн хамт олон барьж, хүлээлгэж өгсөн.
Мөн 2024 онд үйлдвэрлэгдсэн шинэ компьютер томографын аппарат ашиглалтад орж байна. Тус аппарат ашиглалтад орсноор орон нутагт дүрслэл оношилгоо, шинжилгээний чанар сайжирч, иргэдийн Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн саарч аймагтаа үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
Дорнод аймаг хөгжлийн бодлогодоо нийгмийн салбар тэр дундаа эрүүл мэндийн салбараа чухалчилсаар ирсэн.
Өнгөрсөн 2020-2024 онд Эрүүл мэндийн салбарт шинэ барилга болон засварын ажилд Улсын төсвөөс нийт 17.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 3.2тэрбум төгрөг, шаардлагатай тоног төхөөрөмж болон дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд Улсын төсвийн 7.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийж ажилласан байна.
Мөн эмч, сувилагч мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангах, мэргэжил ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд сувилагчдын нийгмийн баталгааг хангах "Би сувилагч" болзолт уралдаан, "Эмчийн хөгжлийг дэмжих хөтөлбөр" зэргийг хэрэгжүүлж байна.
Цаашид ч эмнэлгийн барилгын нөхцөл байдал сайжирсантай холбоотой аймаг орон нутгаас шаардлагатай зарим тоног төхөөрөмжөөр хангах, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, ур чадварыг дээшлүүлэхэд #аймгийн_Засаг_даргын_зүгээс_бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.