ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР БОЛЖ БАЙНА

1 долоо хоног
ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР БОЛЖ БАЙНА
Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, хүний эрхийг тэгш хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулахаар тунхагласан байдаг.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах өдрийг угтаж нэг сарын аян зарласан бөгөөд аяны хүрээнд “Хүртээмжид хүрэх зам” өдөрлөг, “Хөгжлийн бэрхшээл судлал” эрдэм шинжилгээний хурал, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”, “Хакатон-шинэ санаа, шийдэл” шалгаруулах уралдаан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган, “Ability expo” зэрэг нэгдсэн арга хэмжээнүүдийг цуврал байдлаар амжилттай зохион байгуулаад байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв энэ жил “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 76 жил, Олон Улсын Хүний эрхийн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог юм.
Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ш.Ганганмөрөн, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Д.Тамиржаргал нар оролцож, тусгай хэрэгцээт хүүхдийн анги бүлгийг хичээллүүлдэг 11-р сургуулийн багш, сурагчид, 8-р цэцэрлэгийн багш нар мэндчилгээ дэвшүүллээ.
Дорнод аймгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрүүлж байгаа бөгөөд тус төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, нөхөн сэргээх, сэргээн засах үйлчилгээ, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ протез, ортопедын туслах хэрэгсэл засварлах үйлдвэр бүхий үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.