ДОРНОД АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮН ШАЛГАРУУЛАХ "АЛТАН НАР-2024"-Д НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

1 долоо хоног
ДОРНОД АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮН ШАЛГАРУУЛАХ "АЛТАН НАР-2024"-Д НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Алтан нар-2024” Дорнод аймгийн оны тэргүүн шалгаруулах удирдамж
Нэг. Зорилго:
1.1. Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэн алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ:
2.1.Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд
Гурав. Шагналд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах:
3.1. 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүлээн авна.
Дөрөв. Холбогдох мэдээллийг түгээх мэдээллийн хэрэгсэл:
4.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын 7058-3437 дугаарын утас, Дорнод аймгийн албан ёсны цахим хуудас www.dornod.gov.mn, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар фэйсбүүк хуудас, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Тав. Шалгаруулалт зохион байгуулалт:
5.1 Аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүд нэр дэвшигчдийн материалтай танилцаж, шагналын төрөл тус бүрээс хоёр нэр дэвшигчийг тодруулж, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, шалгаруулна.
Зургаа. Материал хүлээн авахад тавигдах шаардлага:
6.1.Нэр дэвшигчдийн тодорхойлолтыг А4-ийн бичгийн цаасны 1-2 нүүрт багтаан /Arial 12-оор мөр хоорондын зай 1.5 хэмжээтэй/ товч тодорхой бичиж, 9х12-ын хэмжээтэй уран сайхны гэрэл зургийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ.
6.2. Дээрх шаардлагыг ханган, материал ирүүлэх цаг хугацааг нарийн чанд баримтлах
Долоо. Шагналын төрөл:
7.1.1. Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн
7.1.2. Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага
7.1.3. Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуйн нэгж
7.1.4. Оны тэргүүний оюутан
7.1.5. Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан
7.1.6. Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин
7.1.7. Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч
7.1.8. Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч
7.1.9. Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч
Найм. Шалгуур үзүүлэлт:
8.1. Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн
8.1.1. Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх
8.1.2. Нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх
8.1.3. Олон нийтийг сайн үйлсийн аян, үйл ажиллагаанд уриалж, үр дүнд хүрсэн байх
8.2. Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага
8.2.1. Орон нутгийн хэмжээнд идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх
8.2.2. Нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг хамруулсан арга хэмжээ санаачлан зохион байгуулж, нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд олон нийтийг уриалж, манлайлсан байх
8.2.3.Хүмүүнлэгийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан байх
8.3. Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуйн нэгж
8.3.1. Орон нутгийн төсөвт татвар төлөлтөөрөө манлайлан үлгэр жишээ үзүүлсэн байх
8.3.2. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх
8.3.3. Үнийн тогтвортой байдлыг хангасан байх
8.3.4. Шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх
8.3.5. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулсан байх
8.3.6. Байгаль орчинд ээлтэй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулсан байх
8.3.7. Ажлын байрыг хэвээр хадгалж, шинээр бий болгосон байх
8.3.9.Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, бодит тусламж үзүүлсэн байх
8.3.10. Ажилтнуудыг эрүүл мэнд нийгмийн даатгалд хамруулсан байх
8.3.11. Орон нутгийн үйлдвэрлэлийг сурталчлан таниулах улс, бүс, аймгийн арга хэмжээнд оролцсон байх
8.4. Оны тэргүүний оюутан
8.4.1. Сурлагын үзүүлэлтээр жил дараалан А үнэлгээтэй суралцсан буюу танхимын болон зайн /теле болон цахим хичээл/ хэлбэрээр бие даан суралцах арга зүйд сайн суралцаж, жил дараалан сурлагын амжилтаа ахиулсан,
8.4.2. Сургууль, хамт олны дунд нэр хүндтэй бусдад үлгэр дуурайлал болохуйц спорт, урлагийн төрлөөр тогтмол хичээллэж, өөрийгөө хөгжүүлсэн, олон улс, аймгийн хэмжээний уралдаанд тэмцээнд оролцож, амжилт гаргасан байх
8.4.3.Нийгмийн амьдрал ба хүүхдийн өрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, өөрийн хувь нэмрээр сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэгч байх
8.5. Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан
8.5.1. Олон улс, улс, бүсийн чанартай уралдаанд амжилттай оролцсон байх
8.5.2. Тухайн онд өөрийн шинэ уран бүтээлийг туурвисан байх,
8.5.3. Түүх, өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан байх
8.5.4. Мэргэжлийн ур чадвар, уран бүтээл нь соёл урлагийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйн хэм хэмжээ, үлгэр дуурайлалтай байх
8.6. Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин
8.6.1. Тухайн жилд Олон улс, улс, бүсийн чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан байх
8.6.2. Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх
8.6.3. Баг, хамт олондоо сайн үлгэр дуурайлалтай, идэвх санаачилгатай байх
8.7. Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч:
8.7.1. Эрхэлсэн ажилдаа идэвх, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан байх
8.7.2. Албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйг чанд эрхэмлэж, зөрчил гаргаагүй, бусдыгаа манлайлан, үлгэр дуурайлал үзүүлсэн байх
8.7.3.Онцгой чухал буюу онц төвөгтэй үүрэг даалгавар биелүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гарган ажилласан.
8.8. Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч
8.8.1. Улсын хэмжээний олимпиад, уралдаан тэмцээнд өөрөө болон бэлтгэсэн шавь нар нь оролцож амжилт гаргасан байх
8.8.2. Сургалтын хөтөлбөрт шинэ санаа, шинэлэг арга зүй, цахим сургалтыг нэвтрүүлж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байх
8.8.3. Мэргэжлийн ур чадвар, заах арга барил нь боловсролын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйн хэм хэмжээ, үлгэр дуурайлалтай байх
8.8.4. Мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, боловсролын үйлчилгээний бүтээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлсэн байх
8.9. Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч
8.9.1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байх
8.9.2. Ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа эрхэмлэн, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн байх
8.9.3. Өөрийн санаачилгаар эрүүл мэндийн салбарт шинэ санаа, оновчтой үйлчилгээ нэвтрүүлсэн байх
Ес: Шагнал гардуулалт:
9.1.1. Дорнод аймгийн Оны тэргүүн шалгаруулах “Алтан нар-2024” наадмын ёслолын ажиллагаанд шагналыг гардуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.