АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

6 хоног
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат өнөөдөр БОЭТ-ийн Хүүхдийн тасагт ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 42 буюу 72.4% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шинж тэмдэгтэй буюу өмнөх 7 хоногоос хэвтэлт 11-ээр, амьсгалын замын цочмог хүнд халдвар 10 тохиолдлоор тус тус нэмэгдээд байгааг эмч, мэргэжилтнүүд танилцууллаа.
Мөн өдрийн эмчилгээнд 10 хүүхэд байгаагаас уушигны хатгаа болж хүндэрсэн 9 хүүхэд эмчлүүлж байна. Эмч, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь асарч сувилах байдлаар өвчнийг хүндрүүлэхгүйгээр эмчлэх боломжтой бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нар амны хаалт тогтмол зүүж хэвших хэрэгтэй байна гэлээ.
Аймгийн хэмжээнд 50 дахь долоо хоногийн байдлаар амбулаториор 11550 хүн үйлчлүүлсний 1595 нь томуу, томуу төст буюу 13.8%- ийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 3.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Томуу, томуу төст өвчтэй нийт тохиолдлын 1595 нь 0-14 нас (83,0%)-ийг, үүнээс 4 хүртэлх насны хүүхэд 641 (48.3%)-ийг эзэлж байна. Түргэн тусламжийн 218 дуудлагаас томуу, томуу төст өвчин 46 бүртгэгдэж, нийт дуудлагын 21.1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар нэмэгджээ.
АЗЦХХ–ын өвчлөл 148 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 38 тохиолдлоор, өмнөх оны мөн үеэс 122 тохиолдлоор тус тус нэмэгдсэн.
Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн үзлэг 9445 үүнээс томуу, томуу төст өвчин 1268 буюу 13.4 хувийг эзэлж байна.
Харин сумдын амбулаторийн 2105 үзлэгээс томуу, томуу төст өвчин 327 тохиолдол бүртгэгдэж үзлэгийн 15.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.3хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.