“БУРИАД ӨВ СОЁЛЫН МУЗЕЙ”-Н ШИНЭ БАРИЛГЫГ НЭЭЛЭЭ

2 хоног
“БУРИАД ӨВ СОЁЛЫН МУЗЕЙ”-Н ШИНЭ БАРИЛГЫГ НЭЭЛЭЭ
Улсын тэргүүний Дашбалбар суманд буриад судлалын өв соёлын төв болох томоохон музейг барьж, ашиглалтад орууллаа.
Музейн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, Засаг даргын орлогч Ч.Ганбат, ОХУ-ын Агын тойргийн “Толон” сонины редакцийн хамт олон, сумын удирдлагууд, хөрш сумдын төлөөлөл болон иргэд оролцлоо.
БНМАУ-ын нам, төрийн зүтгэлтэн, МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан Дамдинжавын Майдар, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг, Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн Гэлэгийн Одон, Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Дэмбэрэлийн Жаргалсайхан нарын төрөлх нутаг, Улсын тэргүүний Дашбалбар сум 100 жилийн ойн босгон дээрээ Дэлхийн буриад судлалын өв соёлын төв болох томоохон музейг ашиглалтад оруулж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын Гавьяат барилгачин, тус сумын уугуул Н.Чойбалсангийн боловсруулан зураг төсвийн дагуу сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажлыг “Элтрүүд” ХХК хийж гүйцэтгэжээ.
Барилгын онцлог нь мэргэжлийн архитектурын төлөвлөлтөөр буриадын 11 омгийн туг, урианы хамтаар музейн стандартад нийцүүлэн гадна талдаа дүрсэлжээ. Тус барилга нь 1300 метр квадрат орчим ашигтай талбайтай зоорийн давхар бүхий 3 давхар байгууламж юм. Зоорийн давхар нь үзмэр тусгаарлах, шавьж устгалын зориулалттай. Нэг давхарт нь номын сан бусад хэсэгт буюу 2 давхарт музейн үзмэрүүд байрлана.
Одоогийн байдлаар тус сумын “Орон нутаг судлах музей” нь буриад угсаатны түүх, өв соёлыг агуулсан 700 гаруй үзмэртэй бөгөөд болон сумаас төрсөн зураачдын эх бүтээл уран зургууд, буриад зоны ахуйн хэрэглэгдэхүүнүүдийг сумын 100 жилийн өмнө дэглэн үзэгч олны хүртээл болгох юм.
Энэхүү музей нь буриад өв соёл судлалын музей гэдгээрээ дэлхийд анхдагч болж байгаа бөгөөд цаашид Монгол улс, БНХАУ, ОХУ болон бусад улс оронд тархан суурьшсан буриад угсаатны өв соёлын томоохон төв болох зорилготой ажээ.