“ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛСЭН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ ЗАЛУУС” ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛТ БАЙРУУДЫГ ТОДРУУЛЛАА

1 долоо хоног
“ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛСЭН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ ЗАЛУУС” ВИДЕО БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛТ БАЙРУУДЫГ ТОДРУУЛЛАА
Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Өв соёлоо дээдэлсэн үндэсний үзэлтэй залуус” аяны хүрээнд зарласан видео бичлэгийн уралдааны шилдгүүдийг шалгаруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.
Соёлын биет бус өвийг өсвөр үе, залуучуудад өвлүүлэн уламжлуулах, эх оронч үзэл төлөвшүүлэх, өв соёл, зан заншлаа дээдэлсэн, бүтээлч, оюунлаг, үндэсний уламжлалт соёлын мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан тус аяны хаалтын үйл ажиллагаанд Аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга Ш.Ёл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Идэрбат нар оролцсон юм.
Уралдааны тэргүүн байранд Баяндун сумын ЕБС-ийн 11а анги “Буриад, халх дээлийн онцлог”, дэд байранд Хэрлэн сумын Долоодой сургуулийн хамт олон “Талын эгшиг” үндэсний хөгжмийн хамтлаг, гутгаар байранд Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль 11 дүгээр ангийн сурагчид ”Монгол гэрийн тавилгын байрлал, зүг чиг”, тусгай байранд Хэрлэн сумын Долоодой сургуулийн сурагч М.Номуун-Уянга буриад дуу, тусгай байранд Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 11в анги “Малчин айлын нэг өдөр” бүтээлээр тус тус шалгарлаа.