Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас 03 энэ сарын 09-ний өдөр гарсан тал хээрийн түймэр нь Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутагт дэвсгэрийг дамнан малчин айл өрхийн гэр, хашаа саравч, автомашин техник хэрэгсэл, бод, бог малыг шатааж малчин иргэдэд болон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулаад байна.
Тосон Хулстайн байгалийн нөөц газар нь цагаан зээрийн төллөх гол бүс нутаг бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Баянтүмэн сумдын 469.000 га газар нутгийг хамардаг.
Дээрх түймрийн улмаас Баян-Овоо, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын газар нутаг дамнасан нийт 70500 орчим га талбай шатаж Тосон Хулстайн байгалийн нөөц газрын 15 орчим хувь түймэрт өртөөд байна.
Ой, хээрийн түймрийн шалтгааны 90 орчим хувь нь хүний буруутай үйлдэл, санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн гардаг тул хаврын хуурайшилт, салхи ихтэй энэ үед иргэд та бүхэн ил задгай гал түлэхгүй, үнс нурам хаяахгүй байж бусдын амь нас, эд хөрөнгө, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалж байна.