/2025.03.23/
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар өнөөдөр Чойбалсан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж нисэх буудлын дэд бүтэц, үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Чойбалсан нисэх буудал нь бүс нутгийн агаарын тээврийн гол зангилаа боловч зорчигчдын тоо буурснаас шалтгаалан Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэхээ зогсоогоод байна. Энэ нь орон нутгийн иргэдийн зорчих боломжийг хязгаарлаж, бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж буйг нисэх буудлын удирдлагууд хэлж байна.
Тиймээс тогтмол нислэгийг сэргээхэд шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ асуудлаар орон нутгийн зүгээс холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх боломжийг судлахаар боллоо.
Мөн нисэх буудлын дэд бүтцийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр судлахаар ярилцлаа.
Орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлснээр бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, аялал жуулчлал, бизнес, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломжтой юм.