Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалах сайдын 2025 оны А/43 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2025 оны А/215 дугаар Захирамжийн дагуу “Оюутан-цэрэг” ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлт боллоо.
Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад Монгол Улсын Их сургуулийн Зүүн бүсийн сургууль, Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн оюутнууд хамрагдаж байна.
Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бямба, Монгол Улсын их сургуулийн Зүүн бүсийн сургуулийн захирал Б.Мядагмаа нарын албаны төлөөллүүд оролцож Монгол Улсын үндсэн хуульд заасан үүргээ амжилттай нэр төртэйгөөр хаахыг оюутан цэргүүдэд хүслээ.
Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг тус арга хэмжээнд үг хэлэхдээ цэргийн алба бол нэг биед заяах жирийн алба биш ажил амьдралаа аваад явах тэсвэр тэвчээр, хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, ёс зүйг төлөвшүүлж өгдөг эрхэм үүрэг хариуцлага гэдгийг цохон хэллээ.
Оюутан цэрэгт хамрагдсан эдгээр залуус 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бямба, ням гаргуудад Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн “Оюутан цэрэг” сургалтын танхимд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдана.