ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДҮҮЛЖ ЗОХИОН БАЙГУУЛНА

1 хоног
ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДҮҮЛЖ ЗОХИОН БАЙГУУЛНА
Манай аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссын 9 дүгээр хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн төвийн Тохиолдлын удирдлагын багийн явуулсан тандалт, судалгааны дүнг танилцууллаа. Аймгийн хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр улаанбурхан өвчний тархалтын эрсдэл өндөр түвшинд үнэлэгдсэн байна.
Одоогоор 1500 тун нөөц вакцин байгаа бөгөөд нөхөн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулж буйг мэдээллээ.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвөөс цаашид олон нийтийг хамарсан үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан зохион байгуулах, дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг нийтийг хамарсан арга хэмжээнд аль болох оролцуулахгүй байх тухай саналыг танилцуулсан юм.
Үүнтэй холбогдуулан Аймгийн онцгой комиссоос хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зохион байгуулах, Төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дотор орчинд хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг дотор орчинд цуглуулж, арга хэмжээ зохион байгуулах нь халдвар тархах нөхцөлийг бүрдүүлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа тул байгууллага, аж ахуйн нэгжүүдийг зөвлөмжийг хэрэгжүүлж энхрий бяцхан үрсээ эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна.