Зорчигч тээврийн хөдөлгөөний талаар авах арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын А/121 дүгээр захирамжийг танилцуулж байна

4 жил
Зорчигч тээврийн хөдөлгөөний талаар авах арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын А/121 дүгээр захирамжийг танилцуулж байна

1. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Хаврын тэргүүн сарын Шинийн нэгнээс гуравны өдрүүд, мөн өдрүүдийн өмнөх дараахь өдрүүд буюу 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр хугацаанд нийслэл, бусад хотоос Дорнод аймгийн төв Чойбалсан хот руу орох, мөн Чойбалсан хотоос нийслэл, бусад хот хоорондын чиглэлд зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосугай.
2. Сумдын Онцгой комиссын саналын дагуу дээрх өдрүүдэд сумд хоорондын, аймгийн төв Хэрлэн сумаас бусад сумд руу зорчих, сумдаас аймгийн төв Хэрлэн сум руу ирэх зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласугай.
3. Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглож, хязгаарласантай холбогдуулан хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн, хариуцах байгууллагын хуваарийг хавсралтаар баталсугай.
4. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, албан томилолт, ажлын зайлшгүй шаардлага гэх мэт) улс, хот, аймаг, сум хооронд зорчих төрийн албан хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр тухай бүр нэвтрүүлэх арга хэмжээг авч ажиллахыг хяналтын цэгийн болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.
5. Хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, автомашины бэлэн байдлыг хангаж, зорчигч тээврийн болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах, Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөөний нар харах зорилгоор уул, овоонд очиж олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Ганзориг/, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар /хурандаа Г.Нармандах/, Автотээврийн төв /Ц.Мөнхтөр/, сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
6.Хяналтын цэг болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулахад шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Ганзориг/-т даалгасугай.
7. Энэхүү захирамжийг олон нийтэд мэдээлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах алба /Э.Батболд/-нд, Бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар /хурандаа Г.Нармандах/-т, сумын Засаг дарга нарт даалгасугай.
8. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Онцгой комиссын орлогч /Ч.Ганбат/-д даалгасугай.