Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 пост ажиллаж байна

4 жил
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 пост ажиллаж байна

Он гарсаар Дорнод аймагт 6 удаа ой хээрийн түймэр гараад байна. Ой хээрийн түймрийн шалтгааны ихэнх хувийг хүний буруутай үйл ажиллагаа, машин техникийн бүрэн бус байдал, яндангийн оч баригчгүй байх зэрэг нь эрсдэл үүсгэдэг байна.

Аймгийн Засаг даргын А/66 дугаар захирамжаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Хэрлэн сумаас гарах, орох улсын болон орон нутгийн чиглэлийн замууд болох Хэрлэнгийн гүүр, Баянтүмэнгийн гүүр, Ялалтын гүүр, Баян-Уул Цагаан-Овоо сумдын чиглэлийн зам, Гурванзагал, Дашбалбар Чойбалсан сум чиглэлийн хөдөө орон нутгийн замд 5 постыг ажиллуулж байна.

Хяналтын цэгүүд нь тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлыг шалгаж, хөдөө орон нутагт зорчиход машины доод эд ангид хуримтлагдсан өвсийг авах зориулалттай сэтгүүр төмрийг жолооч нарт олгож, аюулгүй тээвэр хийх анхааруулга заавар, санамжийг хүргүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын дэд дарга Ч.Ганбат өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй 5 постын үйл ажиллагаатай танилцаж, заавар чиглэл өглөө.

Энэхүү постуудад Бүсийн төв Онцгой байдлын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын нийт 5 байгууллагын албан хаагчид томилогдон ажиллаж байгаа юм.