Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд хязгаарласантай холбоотой иргэдээс дараах асуултуудыг олноор ирүүлсэн тул хариултыг нэгтгэн хүргэж байна.
1.ДОРНОД АЙМАГТ ПГУ/Полимеразын гинжин урвал/-ЫН ШИНЖИЛГЭЭГ ХААНА АВЧ БАЙГАА ВЭ?
-Давтан шинжилгээ хийлгэх болон ЭМ-ийн 13А маягтаар Улаанбаатар хот зорчих иргэд БОЭТ-ийн Шинжилгээ авах нэгдсэн төвд /хуучнаар ахмад настны чөлөөт цагийн төв/ PCR/ПГУ шинжилгээг авч байна. Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн алба утас 70584647 70583366.
2.ЯМАР ШАЛТГААНТАЙ ИРГЭД ЗОРЧИХ ВЭ?
- Дорнод аймаг болон бусад аймаг, нийслэлийн үндсэн харьяат иргэд, эрүүл мэнд /13А, 13Б маягт/, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд аймгийн Шуурхай штабт хүсэлтээ өгсөнөөр PCR/ПГУ шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн Шуурхай штабын шийдвэрээр Дорнод аймаг руу зорчино. Мөн аймгийн Шуурхай штабын шийдвэрээр зөвшөөрөгдсөн иргэд Дорнод аймгаас зорчихдоо халдваргүй бүс учир асуумж бөглөж явна.
Ингэхдээ нийслэлд 23:00-06:00 цагаас хооронд иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор, мэргэжлийн байгууллагын тооцооллоор Дорнод аймгаас гарч буй тээврийн хэрэгсэл нийслэлд 23:00 цагийн өмнө очсон байх хугацааг, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Баян-Уул сумын постоос 06:00-11:00 цагийн хооронд нэвтэрч гарах нь зөв гэж үзжээ. Иймээс нийслэл руу зорчих хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, суудлын автомашин, 3.5 тн хүртэлх В ангиллын ачаа автомашин Дорнод аймгийн Баянтүмэн сум, Баян-Уул сумын хяналтын цэгээр 06:00-11:00 цагийн хооронд нэвтэрч гарах цагийн хязгаарлалт тогтоолоо. /өдрийн 11:00 цагаас хойш гарсан тээврийн хэрэгсэл, нийслэлд тогтоосон цагт багтан нэвтэрч чадахгүйн улмаас машиндаа хээр хонох, эрүүл мэндийн асуудал үүсэх, цагтаа багтах гэж хурд хэтрүүлэн зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлийг тооцоолсон болно./
Харин зайлшгүй шаардлагатай хүнс тээврийн /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад/ 3,5тн-оос дээш С ангиллын ачааны автомашины жолоочийн ажил, амралтын цагийг тооцож цагийн хязгаар заахгүйгээр зорчино.
3.ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНТАЙ ИРГЭД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ, ХААНА ХАНДАХ ВЭ?
-Улаанбаатар хотоос ирэх болон явах иргэд урьдчилан Дорнод аймгийн Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны 7058-4647 7058-3366 дугааруудад холбогдож мэдээлэл аван, 70584647@dornod.gov.mn цахим шууданд болон биечлэн өргөдөл, хүсэлтээ гаргана. Ингэхдээ цахим үнэмлэх, холбогдох бүх бичиг баримтын бүрдлээ хавсаргана. Өргөдлийг аймгийн Шуурхай штабын хурлаар хэлэлцэж, орж гарах зөвшөөрлийг олгоно.
4. ХОТООС ОРОН НУТАГТ ОЧСОН ИРГЭД ТУСГААРЛАГДАХ УУ?
- Гэрээр 7 хоног тусгаарлан ажиглалтад байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт тусгаарлагдах бол гэр бүлийн гишүүд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй хамт тусгаарлагдана. Давтан шинжилгээ өгч хариу нь СӨРӨГ гарсан тохиолдолд нийгмийн амьдралдаа хэвийн оролцоно.
5. СУМДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН БАЙГАА ЮУ?
-Сумдын зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж байна.
6. ХОТ ХООРОНД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВАХ УУ?
-Аймгийн Онцгой комиссын 2021 оны 03 дугаар 11-ний өдрийн 17 дугаар тогтоолоор хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдэд зориулж долоо хоног бүрийн Лхагва гаригт Чойбалсан хотоос Улаанбаатар хотын чиглэлд нэг, Бямба гарагт Улаанбаатар хотоос Чойбалсан хотын чиглэлд нэг том оврын автобусаар зорчигч, тээврийн үйлчилгээг зөвшөөрсөн боловч Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
7. КАРГО ҮЙЛЧИЛГЭЭ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГАА ЮУ?
-Карго үйлчилгээ хэвийн явагдаж байна. Хариуцлагын гэрээ байгуулсан “Дорнод карго” ХХК, Зүүн бүсийн карго ХХК-ийн 8 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.
8. ДОРНОД АЙМАГТ НЭВТРЭХ ИРГЭД #GPSGATE_TRACKER АППЛИКЕЙШНИЙГ УХААЛАГ УТСАНДАА ЗААВАЛ СУУЛГАЖ НЭВТЭРНЭ ГЭСЭН ЯМАР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ВЭ? УХААЛАГ УТАСГҮЙ ИРГЭД ЯАХ ВЭ?
-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд GpsGate_Tracker аппликейшнийг гар утасныхаа Play store, App store-оос татаж суулгана. Ингэснээр таны тусгаарлан ажиглалтад байх хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм. Ухаалаг утасгүй иргэдийг бүртгэж, тэмдэглэн авна.
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ