ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

3 цаг
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Дорнод аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвд одоогийн байдлаар 104 гарааны бизнес эрхлэгч харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Жижиг, дунд бизнесийг шинээр эхлүүлж буй иргэдэд чиглэсэн энэхүү төв нь түрээсийн төлбөрийг зах зээлийн үнээс 2–3 дахин хямд нөхцөлөөр олгож, сургалт, зөвлөгөө, борлуулалтын цогц дэмжлэг үзүүлэн 2 жилийн хугацаанд бойжуулж зах зээлд гаргадаг онцлогтой. Төвөөр бойжин гарсан олон аж ахуйн нэгж нутгийн брэндийг бий болгон, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, хэрэглэгчдийн танил болсон амжилттай жишээ цөөнгүй бий. Мөн өнгөрсөн онд Чех, Япон зэрэг гадаад улс орнуудад хөдөлмөр эрхэлж байсан Дорнод аймгийн иргэд орон нутагтаа эргэн ирж гадаад улсуудын соёлыг орон нутгийн онцлогтой уялдуулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн нь онцлох үр дүн болж байгааг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Чимгээ хэлсэн юм. Энэхүү төв нь орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, гарааны бизнесийг бодитоор дэмжих чухал ажил болж байгааг УИХ-ын дарга Н.Учрал үнэлж, цаашид үйл ажиллагааг нь тогтвортой дэмжих шаардлагатайг онцоллоо.