Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд аймгийн Соёл,урлаг, аялал жуулчлал,залуучуудын газраас “Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын үйл ажиллагааны мэдээлэл”, Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс “11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийн талаарх мэдээллийг тус тус танилцууллаа.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл танилцуулсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1.Зудын урьдчилсан төлөв, цаг агаарын нарийвчилсан мэдээллийг тогтмол танилцуулж ажиллахыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргад,
2.Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан улсын чанартай авто замыг цэвэрлэх ажлын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлийг холбогдох газарт хүргүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Салбарын хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга нарт,
3. Чойбалсан хот доторх авто замын цасыг цэвэрлэх хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, зохион байгуулж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга нарт, өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол авч хэрэгжүүлэхийг Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нарт,
4.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 166 дугаар “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох сумдад чиглэл хүргүүлж, батлагдсан газрын хэмжээг сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлах чиглэл хүргүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад,
5.Дорнод аймгийн 2026 оны төсвийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан өөрийн эрхлэх чиг үүрэгт хамаарах ажлыг сумын төсөвт тусгаж ажиллахыг нийт сумын Засаг дарга нарт, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төсөл, арга хэмжээний саналыг сайтар нягтлан боловсруулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад, нэгтгэн танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг үр дүнтэй боловсруулж ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга нарт, нэгтгэн танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад, салбар бүр өөрийн харьяа газруудаас санал авч холбогдох чиглэлийг хүргүүлж, онцгой анхаарч ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
6.Аялал жуулчлалын салбарт онцгой анхаарч, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын хэмжээнд саналыг нэгтгэн, нэгдсэн бодлого боловсруулах, 2026 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа соёл урлагийн арга хэмжээг аялал жуулчлалтай хэрхэн хослуулж зохион байгуулах талаар санал танилцуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт,
Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1.Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг нь байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц гэсэн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа тул бэлтгэл хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад,
2.Аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн 2026 оны төсвийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг баталсан тул төлөвлөлтийг хуулийн хугацаанд оновчтой боловсруулахыг нийт салбарын удирдлагуудад,
3.“Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г албажуулж, нийт байгууллага, салбаруудад хүргүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргад, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгов.