ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ

2 цаг
ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН 47.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛД БАТЛАН ДААЛТ ГАРГАЖЭЭ
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
Тус сан нь 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2024 оноос Зүүн бүсэд, тэр дундаа Дорнод аймагт 14 чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. Сангийн зорилго нь барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй иргэн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд банкны зээлд 60 хүртэл хувийн батлан даалт гаргах явдал юм.
Тус байгууллага 2012–2021 онд жижиг, дунд үйлдвэр болон орон сууцны зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргаж байсан бол 2024 оноос хоршооны гишүүн малчдын зээлд батлан даалт үзүүлж эхэлжээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн 277, Сүхбаатарын 207, Хэнтийн 761, нийт 1245 хоршооны гишүүн малчны 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргаад байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаашид хоршоодын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сум бүрд зохион байгуулдаг малчдын зөвлөгөөнд оролцож, зорилтот бүлгийн иргэдийн хамрагдалтыг өргөжүүлэх, зээл авсан хоршоологчдод шат дараатай сургалтуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар зөвлөмж өглөө.