Халхын голын дайны Ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын Ерөнхий газрын Дорнод аймаг дахь газарт “Цэргийн гавъяаны одон” гардуулав. Тусгаар тогтнолын талбайд болсон тус хүндэтгэл ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга, аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, МУ-ын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, Аюулгүй байдлын бодлогын зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийг асуудал хариуцсан ахлах референт, Бригадын генерал Ч.Сайнтөр ТЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, хэлтсийн удирдлагууд Зүүн бүсийн цэргийн хүрээний анги нэгтгэлийн албан хаагчид оролцлоо.
Халхын голын дайны үед тус газар нь цэрэг, арми, техникийн хүч нөөц, ард иргэдийн санал сэтгэлийг судлах, дайсны тагнуулын зохион байгуулалт, Монгол-Зөвлөлтийн эсрэг явуулж байсан тагнуул, хорлон сүйтгэх, хил зөрчих, дээрэм хийх, өдөөн хатгах үйл ажиллагааг урьдчилан илрүүлэх, хилчидтэй хамтран таслан зогсоох, байлдааны үед цэргийн командлалыг цаг үеэ олсон үнэн зөв мэдээллээр хангах үүрэг оногдсон юм.