Зүүн хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох "Их түмэн санаачилга” (The Greater Tumen Initiative/GTI)-ын Орон нутгийн хамтын ажиллагааны хорооны 9 дүгээр хурал 2021 оны 9-р сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсыг гишүүнчлэлдээ багтаасан уг байгууллага нь бүс нутгууд хоорондын эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, ачлал жуулчлал, байгаль орчин гэсэн салбаруудыг хөгжүүлэхэд хамтран ажилладаг.
Энэ удаагийн цахим уулзалтад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Япон улсын Торитори муж, БНСУ-ын Бусан хот, Инчион хот, Чэжү , БНХАУ-ын Лиаонин муж, Жилин муж, Хар Мөрөн муж, ӨМӨЗО-ны төлөөллүүд оролцлоо.
Тус хуралдаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Их түмэн санаачилгын гишүүн орон нутгуудын түншлэлийн хүрээнд “Хил дамнасан хөдөлмөр эрхлэлт” сэдвээр төслийг боловсруулж, энэ удаагийн хурлаар батлуулахаар танилцуулж байгааг, дэмжин хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг хэлээд энэ асуудлыг хөндөж, хууль эрх зүйн орчны гарц гаргалгааг судлан шийдвэрлэхэд хамтран ажиллана гэв.
Мөн Их түмэн санаачилгын логистикийн дэд хорооны 8 дугаар хурлыг Дорнод аймагт зохион байгуулахаар болсон шийдвэрийг баяртайгаар хүлээн авч байгааг дуулгаад ирэх жилийн уулзалтаар цар тахал арилсан байна гэж найдаж байна” гэлээ.