Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 40 сая, нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Матад сумын Мэнэн баг 1-5 дугаар ангийн 125 хүүхэд сурах хүчин чадалтай, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургуультай боллоо.
Одоогоор Мэнэн багийн малчид, Мэнэнгийн отрьяадын офицер, ахлагчдын 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлээд байна. Мөн шинэ сургуулийг дагаад Мэнэн багт 12 ажлын байр бий болж байгаа юм.
Өмнө нь Мэнэн багийн хүүхдүүд сургуульд сурахаар сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг, зарим нь ээжтэйгээ цуг сум, аймгийн төвийг барааддаг байсан нь гэр бүлийг холдуулах, санхүүд хүндрэл үүсэх шалтгаан болж байсан билээ.
Харин одоо багийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч, суралцах боломжтой болж байгаа юм.
Цаашид уул уурхай, газрын тосны орд орчимд бага сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөөд байна.