М.Бадамсүрэн: "Ухсан бол ургуул" зарчмыг баримтлана

3 жил
М.Бадамсүрэн: "Ухсан бол ургуул" зарчмыг баримтлана

Дорнод аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр /2021.10.11/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг даргын орлогч бөгөөд Чойбалсан хотын дарга О.Пүрэв-Очир болон бусад агентлаг, иргэдийн төлөөлөл Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, Монгол дайчдын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж эхлүүллээ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭН нээлтэнд хэлсэн үгэндээ: “Дорнодчууд бид Монгол улсынхаа төрийн тэргүүний дэлхийн хүн төрөлхтний өмнө зарласан “Тэрбум мод тарих хөдөлгөөн”-ийг дэмжиж, хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд хот суурин газар, авто зам, төмөр зам дагуу газар тариалангийн бүсэд ойн зурвас байгуулах, хот суурин газар ногоон байгууламж байгуулах, тал хээрт агро ойн аж ахуйн бүтэцтэй хувийн хэвшлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөөд байна.
 
Өвөөгийнхөө тарьсан модны сүүдэрт ач, зээ нар нь тоглодог гэдэг. Мэдээж тарьсан мод болгоноо амжилттай ургуулах, түүнийг олон жилийн туршид арчилж тордох явдал хамгийн чухал билээ. Үндэсний энэ хөдөлгөөн нь ердөө өнөөдөр мод суулгаад өнгөрөх асуудал биш. Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулж ажиллахаас гадна, ногоон байгууламж хариуцсан ОНӨГ-ыг байгуулна. Мөн гэр хороололд хүнсний ногоо, мод тарих өрхийг дэмжиж гүний худаг бүхий усжуулалтын системийг байгуулна.
 
Орон нутгийн зүгээс “Ухсан бол ургуул” гэдэг шаардлагыг Дорнод аймгийн газрын доод болон дээд баялгийг ашиглаж байгаа уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад тавьж, олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээр мод тариулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зарчмыг барьж ажиллах болно.” Гэдгээ илэрхийлэв.
May be an image of standing, outdoors and tree
May be an image of tree and outdoors