“Дорнодын боловсрол-Гэр музей” өнөөдөр үүдээ нээлээ

3 жил
“Дорнодын боловсрол-Гэр музей” өнөөдөр үүдээ нээлээ

1921 оны 11 дүгээр сарын 02-ны энэ өдөр Монгол улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдаж, сургуулийн анхны хонх жингэнэсэн өдөр хэмээн судлаачид тодорхойлжээ.

Боловсрол, Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн ууган сургууль Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн гадна талд “Дорнодын боловсрол-гэр музей” өнөөдөр үүдээ нээлээ.

Энэхүү үзмэрт Дорнод аймгийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нараас 432 ширхэг эд өлгийн зүйлс цугларсныг зохион байгуулах ажлын хэсгийнхэн ангилан төрөлжүүлж, дэлгэн толилуулж байна.

1921 оны бийр, янтайгаас эхлэн бэхэнд дүрдэг үзэг, 1960-70 оны үеийнхний 4 төгрөгийн, 25 төгрөгийн үзэг, өнөөгийн сурагчдын хэрэглэдэг үзгэн бал, 1921-30-аад оны үнсэн самбараас эхлэн хүрэн хулдаасан самбар, цагаан самбар, сурагчийн дүрэмт хувцас, охидын капрон лент, 1953 оны дурсгалын дэвтэр, тэр үеийн багшийн бүртгэл, өдрийн тэмдэглэл, хичээлийн төлөвлөгөө, баярын бичиг сампин, үнэмлэх, сампин, тооны машин, бичгийн машин, анхны компьютер, нотебоок гээд боловсролын түүхэн хөгжил, өөрчлөлт шинэчлэлтийн гэрч болох сонирхолтой, эд зүйлс үзэсгэлэнд дэлгэгджээ.

 "ГЭР МУЗЕЙ" өнөөдрөөс 14 хоног дэлгэгдэж байгаа бөгөөд цэцэрлэг, ЕБС-ийн багш, сурагчид хуваарийн дагуу ирж сонирхох хуваарь гаргажээ.

Цаашид энэхүү үзмэрийг илүү баяжуулан, цахим хэлбэрт шилжүүлэх улмаар музейн үзмэрийн стандарт шаардлагын дагуу дэглэх, бүртгэн баримтжуулж, ирэх онд ашиглалтад орох аймгийн шинэ Музейд Боловсролын танхим байгуулан шилжүүлэх юм.