Мал эмнэлгийн газарт өнгөрөгч онд орон нутгийн Хөгжлийн сангийн 139,0 сая төгрөгийн хөрөнгөөр Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх, мал эмнэлгийн цахим гэрчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэхэд нэн шаардлагатай 7 нэр төрлийн 99 ширхэг багаж, тоног төхөөрөмж, 1900 ширхэг бог малын ээмэг нийлүүлээд байна.
Ингэснээр Мал эмнэлгийн мөрдөн мөшгөх тогтолцоог 14 сумын мал эмнэлгийн тасаг, 44 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нар, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 4 аж ахуй нэгж, мал нядалгааны 3 цэг, түүхий эд бүтээгдэхүүний худалдаа 16 цэг, нийт 67 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
Мал эмнэлгийн цахим гэрчилгээний нэгдсэн систем нь хэрэглэгчийн гарт эцсийн бүтээгдэхүүн болж очих хүртэлх хугацаанд уг мал, амьтан мал эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагдсан бүхий л түүхийг агуулна.
Тухайлбал малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөрдөн мөшгөх тогтолцоог бий болгох, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, малын хулгайтай тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.
Өнгөрөгч онд 14 сумын 43 мал эмнэлгийн нэгж малын эрүүл мэндийн үзлэгт нийт 5,4 сая мал хамруулахаар төлөвлөснөөс 4,3 сая толгой мал хамруулан, 90,698 толгой амьд малд, 8802612 кг мах махан бүтээгдэхүүнд, өөр аймаг, сумаас шилжилт хөдөлгөөнөөр ирсэн 24352 толгой малд тус тус хяналт тавьж ажилласан нь орон нутагт мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
Дорнод аймаг нь энэхүү системийг өөрийн хөрөнгөөр нэвтрүүлж байгаа анхны аймаг гэдгээрээ онцлогтой юм.
Мөн малын шилжилт хөдөлгөөнийг нэг урсгалаар хянах зорилгоор Хөлөнбуйр суманд МАЛ АМЬТНЫ ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТЫН ЦЭГ байгуулах ажлыг энэ жилээс үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвлөөд байна.