Энэ өдрийг Монгол улс “Сувилагчийн бие даасан байдал-сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баярын хуралд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг, аймгийн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн дарга Д.Должин нар оролцлоо.
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 1130 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас 300 сувилагч ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 26.5 хувийг эзэлж байгаа юм.
Аймаг орон нутгийн зүгээс Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад онцгой анхаарч, бодлого төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.
Тодруулбал “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвөөс 2021 онд Хэрлэн сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвийн 23 сувилагчдад тус бүр 500 мянган төгрөг олгосон бол, 2022 онд 13 сумын эрүүл мэндийн төвийн нийт 78 сувилагч мэргэжилтэнд 39 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.
Мөн 70 сая төгрөгийн шагналын сантай “Би сувилагч” төсөлт уралдааныг зохион байгуулж байгаа ба шилдгээр шалгарсан 3 сувилагчид орон сууц худалдан авахад нь тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн.
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” төсөлд орон нутгийн оюутан, залуучуудыг хамруулж, орон нутгийн төсвөөс сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, эмч сувилагчдыг бодлогоор бэлтгэж байгаа бөгөөд зарим нь сургуулиа төгсөж, хөдөө сумдад ажиллаж эхэлсэн.
Өнгөрсөн онд Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Сувилахуйн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, “Эмч хөгжлийн төв”-ийг байгуулсан.
Мөн Чойбалсан хот дахь эмнэлгийн бүсэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэнээр эмч, сувилагч нарынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрандаа мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Баярын хуралд сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд төрийн дээд болон Эрүүл мэндийн яамны нэрэмжит шагналыг гардууллаа. Мөн Би сувилагч төсөлт уралдааны 3 дугаар шатанд шалгарсан шилдэг 12 сувилагчид батламжийг нь гардуулж, аймгийн “Төрийн албаны сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр”, “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 13 сумын ЭМТ-д ажиллаж буй 78 сувилагчид тогтвор суурьшилтай үр дүнтэй ажиллахад нь аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр мөнгөн дэмжлэг үзүүлснийг тус тус гардуулан өгөв.