Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Баянтүмэн суманд болов

2 жил
Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Баянтүмэн суманд болов
Өнөөдөр /2022.05.18/ Монгол улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг Баянтүмэн суманд боллоо.
 
Үйл ажиллагаанд Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү, Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав, Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Х.Отгонжаргал болон тус сумын иргэд оролцлоо.
 
Өдөрлөгт Зэвсэгт хүчний 327 дугаар анги байлдааны зэвсэгт техник, ажил үүргийн онцлогийг илтгэсэн зэвсэг техникийн үзэсгэлэн, хугацаат цэргийн албан хаагчдын жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хөгжмийн салаа үлээвэр найрал хөгжмийн тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдав.
 
Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм.
 
2002 онд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 25.000 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 800 орчим эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна.
 
Эдүгээ, Монгол Улсын 900 энхийг сахиулагч Бүгд Найрамдах Өмнөд Судан, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн мөргөлдөөний халуун бүс нутагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа аж.