Өнгөрөгч оны 12 дугаар сард Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичгийг танилцуулсан. Дээрх бодлогын баримт бичгийн тэргүүлэх чиглэл болох “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэх бүрэн боломжтой гэж тодорхойлсон.
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хилийн боомтын үндэсний хороог байгуулж, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх чиглэл өгсний дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар манай аймгийн Эрээнцав боомтод ажиллалаа.
Тус боомтод орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож, орон нутгаас хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Уулзалтаар Эрээнцав хилийн боомтын хөгжлийг дэмжих чиглэлээр эхний ээлжид хилийн зурвас орчимд тээвэр ложистикийн терминал байгуулах асуудлыг дэвшүүлэн санал солилцсон юм.
Тухайлбал хилийн хамгаалалтын зурвасаас хичнээн га газрыг чөлөөлж, нээлттэй дуудлага худалдаагаар аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах талаар санал дүгнэлтийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд терминалуудыг хилийн боомттой аль болох ойр байхаар тооцож төлөвлөлтийг мэргэжлийн байгууллагаар ойрын хугацаанд хийлгэх чиглэлийг аймаг, сумын удирдлагуудад өглөө.
Терминалуудыг байгуулснаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг хил орчмын худалдаа хийх таатай орчныг бүрдүүлж, цаашдаа эдийн засгаа өргөжүүлнэ гэж тооцоолж байна.