Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан хотод баригдаж буй автозамын гүйцэтгэлтэй танилцаж, хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг сонсон, гэрээний хугацаанд багтаан чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Хэрлэн голын эргийг талхлагдлаас хамгаалах зорилгоор “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоол явган хүний замыг сайжруулах ажлыг 2021 оноос аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2021 онд төв замаас урагш 160м урт, 1 талаар нь 2м өргөнтэй явган хүний зам барьсан.
Энэ онд үргэлжлүүлэн 40 автомашины эко зогсоол, Хэрлэн голын эрэг хүртэл 320м урт явган хүний зам барих ажлыг хэрэгжүүлж байна. Гүйцэтгэл 73 хувьтай явагдаж байгаа ба энэ 9 сард багтааж дуусна.
Уг ажлын гүйцэтгэгчээр “Нано экологи” ХХК шалгарч ажиллаж байна.
Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээр амарч, зугаалж буй иргэдийн тээврийн хэрэгслээ байршуулах боломж нөхцөл сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдан, Хэрлэн голын эргийн талхлагдал буурах юм.