Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгстэй уулзсан уулзалтаар орон нутагт ажиллах боловсон хүчнийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах тодорхой саналуудыг танилцууллаа.
Дорнод аймаг орон нутагт дутагдалтай байгаа боловсон хүчнийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэтгэлгээр суралцаж төгссөн боловсон хүчнийг сум, орон нутагт ажиллахад нь дэмжлэг үзүүлж амьдрах орон сууцаар хангах “Нутгийн ирээдүй” орон сууцны төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сумдад нэн дутагдалтай байгаа сургуулийн өмнөх боловсрол, Бага анги, Дуу хөгжим, Математик, Хими, Биологи, Физик, Байгалийн ухаан, Газарзүй, Монгол хэл, уран зохиол, Гадаад хэл, Технологи, Биеийн тамир, Дуу хөгжим, Бүжгийн багш, Сэтгэл судлаач, Түүх, соёл, угсаатны зүй, музей судлал, Хүний их эмч, Хүүхдийн их эмч, Шүдний эмч, Эх баригч, Сувилагч, Тархвар судлаач, Халдвар судлаач, Лабораторийн эмч, Малын эмч, Мал зүйч, Агрономич, Байгаль хамгаалагч, Усны болон Ойжуулалтын инженер, Газар зохион байгуулалт, Геодези инженер, Ус хангамж, ариутгах татуурга, Дулааны инженер, Сантехникч, Барилгын болон Автозамын инженер, Механикч зэрэг мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэж байгааг Улсын хэмжээнд жишиг болохуйц томоохон ажил болж байна гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс уулзалтын үеэр хэллээ.
Мөн аймгийн Засаг даргын зүгээс цаашид төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлж, төрийн албаны хүний нөөцийг цомхон бөгөөд чадварлаг байлгах тал дээр анхаарч ажиллах саналыг дэвшүүллээ.