Аймгийн төр нийгмийн ахмад зүтгэлтэн, Аймгийн Засаг дарга асан, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Лувсангомбо овогтой Сүхбаатар нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд цаг үед буюу 1996-2000 онуудад аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дулааны цахилгаан станцын өргөтгөл, цэвэр усны шугамын шинэчлэл, дулааны магистраль шугамыг шинэчлэх зэрэг аймгийнхаа нэн чухал салбарын хөгжилд зүрх сэтгэл, мэдлэг оюунаа зориулсан бидний эрхэм хүн байлаа.
Лувсангомбо овогтой Сүхбаатар нь Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг төдийгүй Дорнод аймагт ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан манай тэргүүний сэхээтнүүдийн нэг байлаа.
Талийгаачийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй, үнэнч шударга, нөхөрсөг гэгээн дүр, Улс, Эх орондоо зориулсан үйлс бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалтан болтугай
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Дорнод аймгийн Засаг дарга