Үзэсгэлэн худалдаанд 9 сумын 80 гаруй тариаланч, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа ба энэ сарын 09, 10-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа тариаланчидтай уулзан тэдний санал бодлыг сонсож, бүтээгдэхүүнээс худалдан авалт хийлээ.
Тариаланчид суманд ногоо тарихад гүний худаг, усжуулалт, ажиллах хүч, газар, бүтээгдэхүүнээ томоохон компаниудад нийлүүлэх зэрэг саналуудыг тавилаа. Аймгийн Засаг даргын зүгээс тавьсан саналуудыг судлан, шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Мөн тариаланчид "Арван мянган хүлэмж" төсөл хэрэгжиж байгаа нь өрхийн тариалан эрхлэгчид болон жижиг дунд аж ахуй нэгжүүдийг дэмжсэн хамгийн чухал төсөл болж, Хүлэмжний ургацаа хураан аван, худалдан борлуулж байгаа тухайгаа хэлж байлаа.
Аймгийн хэмжээнд 23 аж ахуй нэгж, 961 өрхийн тариалан эрхлэгч бүртгэлтэй байна.
Газар тариалангийн салбарт "Арван мянган хүлэмж", Мянган зоорь", "Услалтын системийн засвар" болон хүнсний ногооны үрийн дэмжлэг зэрэг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ онд тариаланчдад 311 хүлэмжийг олгоод байна.