АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас манай аймагт гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байна.
“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд хүүхэд багачуудад гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг олгох, дадлага сургуулалт хийх зорилготой “Аврагч мазаалай” танхимыг ГБХЗХГ-ын дэргэд байгуулсан бол иргэдэд зориулсан “Галын сургалтын танхим”-ыг аймаг, сумын Орон нутгийн төсөв болон төслийн санхүүжүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалтаар Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэргэд байгууллаа.
Иргэдэд зориулсан “Галын сургалтын танхим”-ын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн болон ДЗМОУБ-ыг төлөөлж цахимаар Дэлхийн зөн монгол ОУБ-ын грант хөрөнгө бүрдүүлэлт, менежментийн захирал Г.Энхзул, биечлэн Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн Менежер С.Оюунтөгс, “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн Эрдэнэт хотын ажилтан Т.Ононтуул, төслийн ажилтан Б.Намуунаа, О.Байгалмаа нар оролцлоо.
Энэхүү төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэх замаар гамшгийн эрсдлийн менежментийн бодлогод хувь нэмэр оруулах болно. Иргэдэд галын аюулын талаарх мэдлэг ойлголтыг хэрэглэгдэхүүнд суурилж олгох сургалтын таатай орчин бүрдүүлсэн.