Өнөөдөр /2022.09.20/ аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн хүүхдийн чиглэлээр дугуйлан, секц, сургалтын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Хэлэлцүүлгээр 2023 оноос Хүүхдийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогыг танилцуулж, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
2023 оноос Дорнод аймгийн нийт хүүхдийг:
1. Гадаад хэлний дугуйланд хамруулах “Гадаад хэлтэй Дорнодын хүүхдүүд” хөтөлбөр: /Англи хэл, Орос хэл, Хятад хэл,Япон хэл, Солонгос хэл/
2. Авьяас, чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх “Авьяаслаг Дорнодын хүүхдүүд” хөтөлбөр: /Дуу хөгжим, Бүжиг, Уран зураг, Зохион бүтээх/
3. Спортын дугуйлан, секцүүдэд хамруулах хөтөлбөр /Багийн спорт, Үндэсний спорт, Бөхийн спорт, Ганцаарчилсан спорт, Оюуны спорт, Бүжгийн спорт/-т хамруулахаар төлөвлөсөн.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ “Сургуулиудыг түшиглэх, суурьшлын А зэрэглэлийн бүсэд байгаа зарим төрийн байгууллагыг шилжүүлэн нүүлгэх замаар барилгыг хүүхдийн хөгжлийн чиглэлээр ашиглаж, материаллаг баазыг бий болгох, нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, биеийн тамирын заалыг стандартад нийцүүлэн засварлаж, ашиглана.
Багшлах боловсон хүчний хувьд гадаад, дотоодын туршлагатай чадварлаг мэргэжлийн багш нарыг урьж туршлага судлах, нэмэлт урамшууллыг шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлнэ.
Хүүхдүүд болон асран хамгаалагчдын хүсэл сонирхлыг дээдэлж, дугуйлангаа сонгон суралцах, өрсөлдөөнд суурилсан сургалтын бодлогыг барьж, аймгийн нэрэмжит олимпиад, наадам, уралдааныг зохион байгуулж, үр дүнгийг үнэлж, суралцагчдыг сэдэлжүүлж урамшуулж ажиллах” зэрэг зарчмыг баримталж ажиллана.” Иймд хүүхэд, багачуудынхаа гэрэлт ирээдүйн төлөө нэгэн зорилгын чигт хамтдаа ажиллахыг багш, сурган хүмүүжүүлэгчдээс хүсэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид хамтран ажиллах талаас тодорхой саналуудаа дэвшүүлж, сургалт хөгжлийн үйл ажиллагаа явуулахад тулгардаг хамгийн том асуудал нь байр, барилгын асуудал байдаг. Үүнийг орон нутгаас бодлогоор дэмжиж ажиллахаар төлөвлөсөнд сайшаалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа.