Тус анхдугаар чуулганыг Дорнод аймгийн бизнес эрхлэгч залуучуудыг чадавхжуулах, Стартап болон жижиг дунд бизнес эхрлэгчдийн эко системийг бүрдүүлэх, Дижитал аймаг, цахим соёлыг бий болгох, орон нутгийн онцлог бизнесүүдэд хөрөнгө оруулалт татах үндсэн зорилгын хүрээнд өнөөдөр Чойбалсан хотноо зохион байгуулж байна.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцон мэндчилгээ дэвшүүлж цаашид бизнесийн зах зээлээ аль болох тэлэх, боомтуудаа түшиглэн гадаад худалдаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, томоохон үйлдвэр хөдөө аж ахуй, эрчим хүч уул уурхайн төслүүдтэй хамтран ажиллах, төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах зэргээр залуу бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Дижитал Дорнод-2022 чуулганыг орон нутгийн Стартап Маркетинг Спэйс ХХК, Smartup Center Dornod, Дорнод жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамртан зохион байгуулж Дорнод аймгийн нийт 200 орчим залуучуудыг хамруулж байна.
Уг чуулганд илтгэгчээр “Ай Си Ти Групп” ХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан захирал Б.Тамир, “Метафорс” компанийн Гүйцэтгэх захирал С.Батцэнгэл, “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Бизнес хөгжлийн зөвлөх Б.Батжавхлан, “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа нар оролцож байна.