Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Дэлхийн Зөн” Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын хөтөлбөрийн Хүмүүнлэгийн онцгой байдал хариуцсан ахлах менежер Юнис Ха, Санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн Жуди Росс болон “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын төлөөлөгч нартай Дорнод аймагт ажиллах үеэр нь уулзлаа.
“Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагаас Дорнод аймагт 2022 оны 11 дүгээр сарын 10-аас эхлэн “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл 6 сумдад 2025 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжиж эхлэх юм. Тиймээс төслийн удирдагчид манай аймагт ирж судалгаа хийж байна.
Мөн өнгөрсөн 2 жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон малын гоц халдварт өвчнийг сумын малчид, малын эмч нар хамтарч тандан судлах аргыг нэвтрүүлнэ.
“Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллага 2001 оноос эхлэн Дорнод аймагт олон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж ирсэн. Эдгээрээс товч дурьдвал:
• 2004-2009 онд “Малчдын амьжиргааг дээшлүүлэх” төсөл,
• 2008-2011 онд “Орон нутагт суурилсан сүрьеэ өвчнийг бууруулах” төсөл,
• 2009 онд “Гэрээр бэлэг барья” төсөл, “Сайхан сэтгэлийн бэлэг” төсөл,
• 2018-2020 онд “Ариун цэврийн байгууламж” төсөл,
• 2021-2022 онд “Ухаалаг боловсрол” төсөл,
• 2017-2019 онд “Гэр бүлийн хөгжил дэвшил 1, 2, 3” хөтөлбөр,
• 2020-2021 онд “КОВИД-19 цар тахлын үед яаралтай хариу арга хэмжээ авах” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.
2022 онд “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд “Галын аюулгүй байдлын сургалтын танхим”, “Аврагч мазаалай сургалтын танхим”-ыг байгуулсан. Орон нутгийн удирдлагуудын зүгээс төслийн үр дүн, сайн туршлагыг орон нутагтаа үргэлжлүүлэн тогтвортой нутагшуулж авч үлдэх, хүний нөөцийг сургаж, дадлагажуулахад онцгой анхаарч ажиллаж байна.