Дорнод аймгийн ИТХ-ын ажлын албанаас /2022.10.14 / нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг зохион байгуулж Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн баярын хуралд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Х.Болорчулуун, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч асан Д.Дагвасүрэн нар цахимаар мэндчилгээ илгээлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Үе үеийн аймгийн ИТХ-ын дарга Г.Хүрэлбаатар , Ж.Энхцэцэг, Н.Хүрэлбаатар, Л.Хишигтогтох нар, одоо бүрэн эрх нь хэрэгжиж буй аймаг, сумдын ИТХ-ын дарга нар, Төлөөлөгчид , Хурлын ажлын албаны алба хаагчид оролцов.
Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд гүйцэтгэх засаглал, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдтэйгээ хамтран аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө, тулгарч байгаа асуудлыг үе шаттай шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал Дорнод аймгийн эдийн засаг 1,0 их наяд төгрөгт хүрч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болон хүний хөгжлийн индексээр Улсдаа хоёрдугаарт эрэмблэгдэж, боловсролын чанарын үзүүлэлтээр тэргүүлж, өрсөлдөх чанарын үзүүлэлтээр эхний тавд багтаж байна.
Аймаг орон нутгаа хөгжүүлэх “Дорнод Сэргэн Мандалт” хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” бодлоготой уялдуулан ажиллаж байна.