Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р цэцэрлэгийн хамт олон түүхт 90 жилийн ойн босгон дээрээ тус сумын 3-р багт баригдсан 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн байраа хүлээн авч нээлтээ хийлээ.
Цэцэрлэгийн шинэ барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Талын сүлд” XXK барьж гүйцэтгэж түлхүүрийг хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэг нь 1932 онд Баянтүмэн суманд яамны тэргүүлэгчдийн 2 дугаар хурлын шийдвэрээр аймгийн анхны цэцэрлэг болж үүсгэн байгуулагдаж өдгөө 90 жилийн хугацаанд 9400 хүүхдийг сурган хүмүүжүүлж, сургуулийн алтан босгыг алхуулжээ.
Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Сүхбаатар, Боловсрол шинжлэх ухааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ариунаа, цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгон болон ахмад багш, сурган хүмүүжүүлэгч нар, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Тус шинэ барилга нь аймгийн төв Хэрлэн сумын 3 дугаар багт, анхны хийд байгуулж байсан газрын орчимд, одоогийн аймгийн Музейн хойд талд 48 га талбайд шинээр төлөвлөгдсөн 1800 айлын орон сууцны хороололд баригдсан анхны нийгэм, соёлын барилга болж байгаа юм.
Мөн хорооллын доторх цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсвийг “Гидро дизайн инноваци“ ХХК, хорооллын усан хангамж, ариутгах татуурга, мэдээлэл холбоожуулалт, борооны ус зайлуулах, үерийн далан хамгаалалтын сувгийн ажлын зураг төсвийг “Их мянган инженерчлэл” ХХК-тай тус тус ажил гүйцэтгэж, 2022 оны улсын төсөвт хорооллын цахилгаан хангамжийн шугам сүлжээний ажлыг эхлүүлэх хөрөнгө тусгагдан “Саруул өргөө” ХХК ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар төлөвлөлтийн дагуу 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг “Шимт газар” ХХК гүйцэтгэж байна.