Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулдаг хуваарьтай.
Өнөөдрийн /2022.10.31/ хуралдаанаар “Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ”- аас “Цаг үеийн нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл танилцууллаа.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дараах чиглэлийг өгөв. Үүнд :
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” үндэсний хөдөлгөөнийг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт зохион байгуулж байна. Тус хөдөлгөөнд холбогдох байгууллага, агентлагийн дарга нар биечлэн оролцож, ажил хэрэг болгон ажилчдаа мэдээллээр хангаж ажиллахыг,
2. Аймгийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Алимаагаар ахлуулсан сумдад ажиллах ажлын хэсэг байгуулж, бодлого, зорилтыг хэрэгжүүлж ажиллах, салбар хоорондын уялдаа холбоог дэмжиж ажиллахыг бүх албан байгууллагын дарга нарт,
3. Засгийн газраас баримталж байгаа бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг болон орон нутгийн өмчийн байгууллагуудын ажилтан албан хаагч нар сургалт, семинар, төлөвлөгөөт ажилд оролцоогүй тохиолдолд цаашид ажил тасалсан гэж үзэн хариуцлага тооцох,
4. Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн ажлын гүйцэтгэлийн явц зарим салбарт муу байгаа асуудалд дүгнэлт гаргаж, хариуцлага тооцож ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст тус тус чиглэл болгов.