Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулдаг хуваарьтай.
Өнөөдрийн /2022.11.07/ хуралдаанаар аймгийн Цагдаагийн газраас “Эрүү хэв журмын 14 хоногийн нөхцөл байдал”-ын талаар, Чойбалсан хөгжил ОНӨҮГ-аас “Чойбалсан хотын ногоон бүсийн хур хог цэвэрлэгээ” хийсэн талаар танилцуулав.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зарим агентлаг, хэлтсийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд :
1. Аймгийн хэмжээнд “Дуудлагын жолооч” үйлчилгээг тогтмол хэрэгжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ц.Баяржаргалд,
2. Хот хооронд нийтийн тээврээр зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангаж, авто зам арчлалтын ажлыг хариуцаж ажиллахыг Авто тээврийн төвийн дарга Ц.Мөнхтөрд,
3. Чойбалсан хот доторх автозамын даацын хязгаарыг тогтоож, Лхагва гарагт эргэн танилцуулахыг Хэрлэн сумын ЗДТГ болон Цагдаагийн газарт,
4. Сургууль цэцэрлэгүүд хандив тусламж хүссэн албан бичиг өгөх, амаар хүсэх, шахалт шаардлага үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг тул “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 17 дугаар заалтыг хангаж, хууль сурталчлах ажлыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг хамруулан цахимаар сургалт зохион байгуулж ажиллахыг Хууль эрх зүйн хэлтэст, Боловсрол шинжлэх ухааны газарт,
5. Аймгийн сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний насжилтыг тогтоох, судалгаа хийж биечлэн танилцуулахыг ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазарт, хамтран дэмжиж ажиллахыг Хэрлэн сумын ЗДТГ, БШУГ-т,
6. Тухайн нутаг дэвсгэрт хаягдах барилгын хог хаягдлыг хаях талаар журам баталж ажиллахыг 14 сумын Засаг дарга нарт, Хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ш.Ёлд,
7. Хэрлэн суманд байгаль хамгаалагч ажиллуулж задгай талбайд хог хаяхаас урьдчилан сэргийлж, эргүүл гаргаж ажиллахыг БОАЖГ-ын дарга А.Гантулгад, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт хог хаягдал ихээр хаягддаг газруудад камер байрлуулж хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-очирт,
8. Техникийн нөхөн сэргээлтийн ажилд шаардагдах төсвийг боловсруулж, ирэх оны Байгаль орчныг нөхөн сэргээх зардалд тусгуулахыг БОАЖГ-ын дарга А.Гантулгад,
9. Авто засварын газруудаас гарч буй хог хаягдлыг тодорхой нэг цэгт төвлөрүүлэх талаар журам баталж мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-очирт тус тус даалгав.